Визийн мэдээлэл
2026-04-09
Монгол Улсын Засгийн газар Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаагаар зорчих 34 улсын иргэдийг визийн шаардлагаас 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл чөлөөлсөн. Эдгээр орнуудад Франц, Испани, Португал, Монако багтаж байна.
Харин албан /А1-А3/, ажил хэргийн /К1/ болон бусад зорилгоор зорчих иргэдэд зохих ангиллын виз урьдчилан авсан байх шаардлага хэвээр үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү хуудаснаас хүлээн авна уу.
Хөдөлмөр эрхлэх (C) ангиллын виз хэрхэн мэдүүлэх вэ?
Хөдөлмөр эрхлэх (C) ангиллын визийн хүсэлтийг зөвхөн уригч хуулийн этгээд гаргана. Виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаа нь ХХҮЕГ-аас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаагаар тодорхойлогддог бөгөөд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүйгээр C ангиллын визийг мэдүүлэх боломжгүй юм.
Хөдөлмөр эрхлэх (C ангилал) виз мэдүүлэх дараалал:
- Гадаадын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэхээр урьж буй байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-аас хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл авна.
- Хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл гарсны дараа уригч байгууллага isf.mn системд тоон гарын үсгээр нэвтэрч визийн зөвшөөрөл (урилга) мэдүүлнэ.
- Визийн зөвшөөрөл олгогдсоны дараа гадаадын иргэн Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газар эсвэл зөвшөөрөлд заасан хилийн боомтоос визээ авч хил нэвтэрнэ.
- Монгол Улсад нэвтэрснээс хойш хуанлийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлөө мэдүүлнэ.