Элчин сайдын мэндчилгээ
2022-10-24
Эрхэм хүндэт Таны амар амгаланг эрэн мэндчилье.
Найман зууны тэртээгээс улбаатай түүхэн найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Франц Улсад Монгол Улсаа төлөөлөн суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын өндөр хариуцлагатай албанд миний бие тохоон томилогдож, та бүхэнтэйгээ энэхүү цахим хуудсаар дамжуулан мэндчилж буйдаа баяртай байна.
Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг 2020 онд онд тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам нь Бүгд Найрамдах Франц Улсаас гадна Испанийн Хаант Улс, Бүгд Найрамдах Португал Улс, Монакогийн Хант Улс, Андоррын Хант Улстай бүх талын харилцаа хөгжүүлэх эрх, үүргийг хавсран хэрэгжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын /ЮНЕСКО/ дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэдэг. Мөн Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Олон улсын тээврийн форум зэрэг Парис, Мадрид хотноо төвтэй олон улсын байгууллагуудад улсаа төлөөлөн ажилладаг юм.
Эдгээр түнш орон, олон улсын байгууллагатай өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах нь бидний эн тэргүүний зорилт юм.
Түүнчлэн суугаа болон хавсран суугаа улс орнууд дахь Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, төрийн бус байгууллага, холбоодын санаачлага, үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, Монголын түүх, соёл урлагаа түгээн таниулах, монгол судлаачдыг дэмжих, жуулчдын тоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд бид онцгой анхаарч ажиллах болно.
Амьдран суугаа улсынхаа хууль, дүрмийг чанд сахин биелүүлж, Монгол эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн сурч, ажиллан, улсынхаа хөгжил цэцэглэлт, олон улсын харилцаа, хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө иргэн бүр идэвх чармайлттай зүтгэж, бидэнтэй нягт хамтран ажиллахыг хүсье.
Монгол Улсын иргэн, эх орон нэгт ахан дүүс та бүхний санал, дэмжлэг үнэ цэнтэй байх бөгөөд Элчин сайдын яамны үүд хаалга ямагт нээлттэй байх болно.
Танд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе! Цахим хуудаст тавтай морилно уу !
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД УЛАМБАЯРЫН НЯМХҮҮ