images

ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ ПОРТУГАЛ УЛСАД АЖИЛЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-01-13

376

Монгол Улсаас Бүгд Найрамдах Португал Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхийлөгч Марсело Ребело де Соузагаас тус улсад суугаа дипломат корпуст шинэ жилийн баярын мэндчилгээ хүргэх ёслолын арга хэмжээ,  Гадаад хэргийн сайд Жуан Гомес Кравиньогоос тус улсыг хавсран суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай хийсэн уулзалт зоогт уригдан оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын мэндчилгээг тус тус уламжлав.

Элчин сайд У.Нямхүү Португал Улсад ажиллах үеэрээ тус улсын Гадаад хэргийн яамны Виз, иргэдийн шилжилт хөдөлгөөний газрын дарга хатагтай Марта Коулингтай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсад жуулчлах гадаадын 34 улсын иргэд, түүний дотор Португал Улсын иргэдийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл аялал жуулчлалын ангиллын визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэрийг гаргасан тухай ноот бичгийг гардуулж, холбогдох байгууллага, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд, португал иргэдэд өргөнөөр түгээн мэдээлэхэд хамтран ажиллахыг хүсэв.  

Португалын тал Монгол Улсын Засгийн газрын дээрх шийдвэрийг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд “Монгол, Португалын Засгийн газар хооронд Дипломат болон албан/тусгай паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр”-ийг энэ онд багтаан байгуулах чиглэлээр шуурхай хамтран ажиллахаа тэмдэглэв.

Мөн өдөр Элчин сайд У.Нямхүү Португал Улсын ГХЯ-ны харъяа соёлын хамтын ажиллагааны Камоэш хүрээлэнгийн соёлын хөтөлбөрийн удирдлагатай уулзаж, 2024 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хамтарсан арга хэмжээ зохион байгуулах талаар санал солилцож, Улаанбаатар хотноо 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гарын үсэг зурсан “Боловсрол, шинжлэх ухаан, технологи, дээд боловсрол, соёл, залуучууд, спорт, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Португал Улс хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх асуудлаар авах шаардлагатай арга хэмжээний талаар харилцан тохиров.