Монголын ноос ноолуурын салбарын төлөөлөгчид Парис хотноо Première Vision” үзэсгэлэнд оролцож байна
Парис хотноо 7 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Première Vision” бэлэн хувцасны бөс бараа, материалын олон улсын үзэсгэлэнд Монголын Ноос Ноолуурын Холбоо , Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, үндэсний тэргүүлэгч 10 үйлдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам -ны төлөөлөгчид “Текстилийн салбарын Тогтвортой үйлдвэрлэл ба Эко тэмдэг (STEPECOLAB)” төслийн дэмжлэгтэйгээр оролцож, Монголын ноос ноолуурын салбарын хөгжил, цаашдын зорилт, боломжуудыг сурталчилж байна.
Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү үзэсгэлэнд оролцогч төлөөлөгчидтэй 7 дугаар сарын 5-нд уулзах үеэрээ цаашид ноос, ноолуурын салбарын боловсон хүчинг бэлтгэх, текстилийн чиглэлийн мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах чиглэлээр Францын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, хувийн хэвшлийн байгууллагуудыг холбох боломжуудын талаар санал солилцов.
Мөн Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын стандарт, гэрчилгээ олгодог байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэдгээрийн заавар, зөвлөмжийг авч ажиллах нь манай улс малын гаралтай бүтээгдэхүүнийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Мэргэжлийн холбоодын зүгээс дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан даян дэлхийн хэрэглэгчид “байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл-хэрэглээг” эрхэмлэж буй өнөө үед Монголын ноос, ноолуурын салбарыг тогтвортойгоор хөгжүүлэх нь малчид, үйлдвэрлэгч, холбоодын хамтын зорилт болж байгааг тэмдэглэж, манай улсын ноос ноолуурын салбарт гарч буй ахиц дэвшил болон тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл өгөв.
Франц Улсад төвтэй Хил хязгааргүй малын эмч болон агрономичид AVSF - Agronomes et Vétérinaires Sans Frontières төрийн бус байгууллага нь 2004 оноос Монгол Улсын Засгиийн газраас хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлд баримталж буй бодлого, стратегид нийцүүлэн мал аж ахуйн салбарт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй бөгөөд монгол ноолуурын үнэ цэнийг нэмэгдүүлэх, бусдаас ялгарах онцлог, нэмүү өртөгийн сүлжээний батлагдахуйц, мөшгигдөхүйц ил тод нээлттэй байдал, хариуцлагатай малчид үйлдвэрлэгчдийг бий болгох зорилгоор “Текстилийн салбарын Тогтвортой үйлдвэрлэл ба Эко тэмдэг (STEPECOLAB)” төслийг 2018 оноос Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж байгаа юм.