Францын Үндэсний судалгааны төвийн /CNRS/ судлаач Антуан Заззог хүлээн авч уулзав
Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү 2022 оны 5 дугаар сарын 03-нд Францын Үндэсний судалгааны төвийн /CNRS/ судлаач Антуан Заззог хүлээн авч уулзаж, Франц, Монголын хамтарсан археологийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл, санал солилцов.
Уулзалтын үеэр судлаач А.Заззо Францын Үндэсний судалгааны төвийн тэргүүлэх эрдэмтэн С.Лепец, МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхимийн дэд профессор Ц.Төрбат нарын удирдсан Монгол, Францын археологчдын 2014-2016 онд хийсэн хамтарсан судалгааны үр дүнг танилцуулсан “Монгол Алтайн эртний хүн ам ба хоригууд: Бургаст ба Их хатуугийн голын археологийн дурсгалууд” хэмээх франц хэлнээ хэвлэгдээд буй шинэхэн бүтээлийг нийт судлаачдынхаа нэрийн өмнөөс Элчин сайд У.Нямхүүд дурсгаж, уг судалгааны төслийн ач холбогдол, нээлтийн талаар болон дараагийн хамтарсан судалгааны ажлын талаар мэдээлэл өгөв.
Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаанд олон жил үр бүтээлтэй, амжилттай үргэлжилж буй салбарын нэг нь археологийн салбарын хамтын ажиллагаа болохыг Элчин сайд У.Нямхүү тэмдэглэж, Монгол орны археологийн эртний түүх дурсгалын тухай эрдэм шинжилгээний томоохон бүтээл ийнхүү олон улсын судлаачдын хүртээл болж буйд баяртай буйгаа илэрхийлэв.
“Монгол Алтайн эртний хүн ам ба хоригууд: Бургаст ба Их хатуугийн голын археологийн дурсгалууд (НТӨ 1100-НТ1100) ном нь Монгол дахь эртний Түрэгийн үеийг судалсан хамтарсан археологийн судалгаанд оролцсон монгол, франц судлаачдын дүгнэлт 27 бүлэг бүхий 500 хуудастай бөгөөд монгол, англи, орос хэл дээр товчлолыг нь мөн гаргасан байна.