МОНГОЛ, ФРАНЦЫН ОРОН НУТГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЭЭ
Францын Аллиер муж, Өвөрхангай аймаг хоорондын хамтын ажиллагааг хэрэгжүүлэгч “APAU” нийгэмлэг 20 жилийн ойгоо энэ оны 11 дүгээр сарын туршид тэмдэглэн өнгөрүүлж байна.
22 жилийн өмнө байгуулагдсан тус нийгэмлэг цар тахлын улмаас хойшилсон 20 жилийн ойгоо тэмдэглэх хүрээнд Өвөрхангай аймгийн төлөөлөгчид Аллиер мужийн урилгаар айлчлав. Айлчлалаар Аллиер мужийн Зөвлөлийн тэргүүн ноён Кристоф де Контенсон, Өвөрхангай аймгийн засаг дарга ноён А.Ишдорж нар хамтын ажиллагааны төлөвлөгөөнд 11 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурав.
Уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд У.Нямхүү уригдан оролцож эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хоёр орны орон нутаг, ард иргэдийн хооронд ойр дотно харилцаа тогтоож буй үйл ажиллагаа нь урлаг соёл, нийтийн эрүүл мэндийн салбарыг холбосон шинэ чиглэлээр өргөжиж буйд баяртай буйгаа онцлон тэмдэглэлээ. Өвөрхангай аймгийн төлөөлөгчид ХАА, газар тариалангийн мэргэжилтэн хүмүүс, хөгжлийн бэршээлтэй болон тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол олгох мэргэжлийн байгууллагуудтай тус тус уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаарх санал бодлоо солилцов.
Ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд уран бичээч С.Тамир монгол уламжлалт бичиг үсгийн соёлыг танилцуулсан үзэсгэлэн гаргалаа. Мөн жил бүр зохион байгуулагддаг Ганна хотын Олон улсын язгуур урлагийн фестивалд Өвөрхангай аймгийн уран бүтээлчдийг оролцуулах талаар талууд тохиролцов. Амжилттай хэрэгжиж буй энэхүү хамтын ажиллагааны талаар Францын орон нутгийн сонин болон үндэсний 3 дугаар суваг сурвалжлан нийтлэл, мэдээ гаргасан байна.