МОНГОЛ, ФРАНЦЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН ХҮЛЭЭН АВАЛТ ПАРИС ХОТНОО БОЛЛОО
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойг тэмдэглэн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Парис хотноо хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.
Тус хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нээж хэлсэн үгэндээ “хоёр орны уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, харилцан ашигтай, стратегийн түншлэл болон өргөжин хөгжиж байгаа”-г онцлон тэмдэглэв. Тэрээр “Франц Улс Монголыг “онцгой түнш”-ээр нэрлэдэг нь харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлст суурилсан бодит хамтын ажиллагааны үр дүн юм” хэмээн тэмдэглэлээ.
Тэрээр мөн 2023 онд хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын хүрээнд хэрэгжсэн соёл, түүх, судалгааны онцлох арга хэмжээнүүдийг дурдав. Үүнд, Монголын Морин хуурын чуулгын тоглолт Версалийн ордонд эгшиглэж, “Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн Бретанийн гүнгийн шилтгээнд нээгдсэн зэргийг дурдаж, хоёр орны түүх, соёлын хамтын ажиллагааны тод жишээ хэмээн онцлов.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Парис хотноо Хамтын ажиллагааны Монгол – Францын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 3 дугаар хуралдааны Монголын хэсгийн даргаар ажиллах үеэрээ тус хүлээн авалтын Хүндэт зочноор хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол Улсын сайд Н.Учрал хэлсэн үгэндээ өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол, Францын харилцаа бүхий л түвшинд тасралтгүй хөгжиж, өнөөдөр Франц Улс Монгол Улсын “гуравдагч хөрш”, Европ дахь ойр дотно түнш болоод буйг цохон тэмдэглэв. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн хүрээнд Франц Улстай хоёр төсөл хамтран эхлүүлж, “Орано” групптэй хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай байгуулсныг онцлон дурдав. Түүнчлэн манай хоёр улсын хамтын ажиллагааны цар хүрээ зөвхөн газрын хэвлийн эрдэс баялаг, уул уурхайн салбараар хязгаарлагдахгүйгээр шинжлэх ухаан - хиймэл дагуул ашиглан огторгуйгаас эх газрыг тольдох харилцаа холбооны дэвшилтэт технологиос эхлээд эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлал, дэд бүтэц, иргэний болон онцгой байдлын зориулалтын агаарын тээвэр, нийтийн тээвэр, ус цэвэршүүлэх байгууламж зэрэг олон салбарт хамтын ажиллагаа өргөжин, амжилттай хөгжиж байгааг онцгойлон тэмдэглэлээ.
Улс хоорондын харилцааны хамгийн үндэс нь ард иргэдийн харилцаа юм. Өнөөдөр Франц, Монголын ард иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин, улам гүнзгийрч байгаа нь манай хоёр орны харилцааны ирээдүйг гэрэлтүүлэх чухал хүчин зүйл болж байна.
Цаашид хоёр орны хамтын ажиллагааны эрчийг хадгалж, хамтарсан төслүүдийг тууштай урагшлуулж, хоёр улсын харилцааны түвшинг Стратегийн түншлэлд хүргэхийн төлөө хамтдаа хичээн ажиллана гэдэгт гүнээ итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Францын талыг төлөөлөн БНФУ-ын Сенатын танхимын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Филипп Мүеэ үг хэлэхдээ, хоёр улс 1965 оноос хойш хүний эрх, ардчилал, хууль дээдлэх зарчим, олон талт хамтын ажиллагааг эрхэмлэн бат бэх харилцааг бий болгосныг тэмдэглэж, Монгол Улсыг Францын хувьд Төв Ази дахь онцгой түнш гэж үнэлдэг болохыг, мөн XIII зуунд Гийом дө Рубрукын аялал, Мөнх хаан болон Францын хаан Лүи IX-ийн захидал солилцоо зэрэг түүхэн харилцааг дурдаж, орчин цагийн боловсрол, шинжлэх ухаан, онцгой байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг бахархалтайгаар тэмдэглэлээ.
Тус арга хэмжээнд Францын Сенатын болон Үндэсний Ассамблейн гишүүд, БНФУ-д суугаа гадаадын орнуудын Элчин сайд нар, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчид, Францын төр, засгийн байгууллагуудын удирдлагууд, тэргүүлэх хувийн хэвшлийн байгууллагууд, төрийн бус байгууллагын удирдлагууд, монгол судлаачид, иргэдийн төлөөлөл уригдан оролцов.