Монгол Улсын ОБЕГ-ын аврагч, гал сөнөөгчид Франц Улсад богино хугацааны сургалтад хамрагдлаа
Монгол, Францын хамтын ажиллагаа иргэний хамгааллын салбарт идэвхтэй хөгжиж Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээр байгуулсны дагуу 2020 оноос эхлэн Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт агаараас аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, нисгэгч, оператор механикч бэлтгэх, гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын аврагч, гал сөнөөгч Д.Батсүмбэр, О.Эрхэсбаяр нар Франц Улсын Окситани мужийн Лозэрэ бүсийн “Аюултай, уулархаг бүсээс аврах ажиллагаа явуулах мэргэжлийн сургалтын үндэсний төв”-ийн богино хугацааны сургалтад амжилттай хамрагдав.
Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү 3 дугаар сарын 21-ний өдөр сургалтад оролцогчдод гэрчилгээ гардуулах ёслолд оролцов.
Элчин сайд У.Нямхүү Монгол, Францын иргэний хамгааллын салбарын хамтын ажиллагаа үлгэр жишээ амжилттай хэрэгжиж буйг тэмдэглээд Монгол Улсын онцгой байдлын салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллаж буйд “Аюултай, уулархаг бүсээс аврах ажиллагаа явуулах мэргэжлийн сургалтын үндэсний төв”-ийн удирдлага, мэргэжилтнүүд болон сургагч нарт талархлаа илэрхийлэв.
Лозэрэ бүсийн захирагч, Сенатын гишүүн, сумын Засаг дарга нар орон нутагт хүрэлцэн ирсэнд Элчин сайд У.Нямхүүд талархал илэрхийлж тус орон нутгийн нийгэм, эдийн засгийн онцлог, хоёр орны харилцааны зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл солилцож ярилцлаа.