images

ОЛОН УЛСЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЧЛЭГЧДИЙН SIAL PARIS 2024 ҮЗЭСГЭЛЭНД ЗОЧЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2024-10-21

63

Франц Улсад 2 жил тутам зохиогддог дэлхийн хамгийн том хүнсний үзэсгэлэн болох “Сиал- Парис” үзэсгэлэнд Элчин сайд У.Нямхүү уригдан энэ сарын 20-ны өдөр зочлон танилцав.

Элчин сайд У.Нямхүү хүнс, хөдөө аж ахуйн салбарт Монгол Улсын Засгийн газар аас баримталж буй бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгын нэг болох Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа хүнс экспортлогч орон болох” зорилтын тухай үзэсгэлэнгийн зохион байгуулагч нартай уулзах үеэрээ мэдээлж, Монгол Улс дараагийн үзэсгэлэнд аж ахуйн нэгжүүдээ оролцуулах ач холбогдлыг тэмдэглэв.

 “Сиал-Парис” үзэсгэлэнг зохион байгуулагчид Монгол Улс тус үзэсгэлэнд аж ахуйн нэгжүүдээ дэмжин оролцсоноор өөрийн хүнсний бүтээгдэхүүний экспортын зах зээлээ тэлэх боломжтойг тэмдэглэн, 2026 оны 10 дугаар сард Парис хотноо зохиогдох ээлжит үзэсгэлэнд Монгол Улс үзэсгэлэнгийн талбай авч хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгжүүдээ нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулах саналыг дэвшүүллээ.

“Сиал-Парис” үзэсгэлэн энэ жил 60 жилийн ойгоо тэмдэглэж буй бөгөөд 125 орны хүнсний чиглэлийн 7500 аж ахуйн нэгж оролцож, 400 мянга гаруй хүнсний бүтээгдэхүүн, технологи, инновацын шийдэл танилцуулсныг ойролцоогоор 285 мянган хүн сонирхон үзэж, дэлхийн хүнсний ханган нийлүүлэлтийн топ аж ахуйн нэгжүүд тэдгээртэй худалдан авалтын гэрээнүүд байгуулсан байна.

Бусад орнуудын туршлагаас харахад Засгийн газрын агентлаг, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, хүнсний үйлдвэрлэгчдийн холбоод зэрэг төр, хувийн хэвшлийн түншлэл, уялдаа холбоо, зохион байгуулалттайгаар нэг жилээс доошгүй хугацаанд бэлтгэл ажлыг ханган өргөнөөр оролцдог ажээ.