СОЁЛЫН ИЛЭРХИЙЛЛИЙН ОЛОН ТӨРЛИЙГ ХАМГААЛАХ БОЛОН ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХОРООНЫ 17 ДУГААР ЭЭЛЖИТ ЧУУЛГАН БОЛОВ
ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны 17 дугаар ээлжит чуулган 2024 оны 2 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Парис хотноо хуралдаж, тус чуулганд Монгол Улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү, зөвлөх С.Уянга нар оролцов.
Чуулганаар 2005 оны конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар (НБДНГ)-аас 2023 онд авч хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2024 онд гишүүн орнуудын зүгээс илгээх конвенцын хугацаат тайлан, Соёлын олон төрлийг дижитал орчинд хамгаалах тухай болон Хөгжиж буй орнуудад зориулсан конвенцын 16 дугаар заалтыг хэрэгжүүлэх тухай шинжээчдийн бүлгүүдийн тухай, 2025 онд тохиох конвенцын 20 жилийн ойг тэмдэглэх, Соёлын олон төрлийг дэмжих сангийн 2024-2025 оны төсөв, үйл ажиллагаа, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд аж ахуй эрхлэгчидтэй зөвлөлдөх, Хорооны 2024-2025 оны үйл ажиллагаа, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих олон улсын шагнал бий болгох зэрэг асуудлыг 3 өдрийн турш хэлэлцэж шийдвэр гаргав.
Байнгын төлөөлөгч У.Нямхүү НБДНГ-ын тайланг хэлэлцэх үеэр үг хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар 2005 оны конвенцыг хэрэгжүүлэх чиглэлд үргэлжлүүлэн идэвх санаачилгатай ажиллахыг онцолж, Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн Бүтээлч хотуудын сүлжээнд 2023 онд нэгдсэнийг дурдав.
Энэ удаагийн хурлаар Соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих сангаас санхүүжилт олгох нийт 12 төслийг хэлэлцэж батлав. Үүнд манай улсын “Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын төв”-өөс өргөн барьсан “Соёлын бүтээлч үйлдвэрлэл дэх тэгш бус байдлыг арилгах нь” төсөл дэмжигдэн батлагдлаа.