images

БОТСВАНА УЛСЫН КАСАНЕ ХОТНОО ЧУУЛСАН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

ЭСЯ-ны мэдээ

2023-12-14

745

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай 2003 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны 18 дугаар ээлжит чуулган Бүгд Найрамдах Ботсвана Улсын Касане хотноо 12 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдав.

Ботсвана Улсын даргалсан энэхүү чуулганы хуралдаанаар хорооны гишүүн 24 орны шийдвэрээр 6 өвийг соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах жагсаалтад, 45 өвийг төлөөллийн жагсаалтад бүртгэж, 4 хөтөлбөрийг хадгалалт хамгаалалтын сайн жишээгээр сонгон баталгаажуулав.

Ийнхүү Соёлын биет бус өвийн жагсаалтад 145 улсын 730 өв, сайн хадгалалт хамгаалалтын жишээгээр 31 улсын 37 хөтөлбөр тус тус бүртгэгдээд байна.

Соёлын биет бус өвийн сангаас олон улсын туслалцаа авсан 12 улсын туршлагыг чуулганы оролцогчид сонссон бөгөөд энэ жил Зимбабве улсад соёлын биет бус өвийг хамгаалах төсөлд 321.339 ам.доллар, Парагвай улсад 74.500 ам.долларын туслалцааг уг сангаас олгохоор шийдвэрлэв. Энэхүү сангаас туслалцаа авсан “Лимбэний битүү амьсгаа өвийг тогтворжуулах, өвлөн уламжлуулах” төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа Хорооны гишүүдэд манай төлөөлөгч Ц.Цолмон тайлагнаж уг өвийг яаралтай хамгаалах жагсаалтаас энгийн жагсаалт руу шилжүүлэх боломж байгааг онцлов.

 

Энэхүү чуулганы онцлог үйл явдал нь Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай 2003 оны конвенц батлагдсаны 20 жилийн ойг улс орнууд хамтдаа тэмдэглэж, конвенц батлагдсанаас хойш амьд өвийг хамгаалах чиглэлээр хийсэн ажлаа тайлагнав.

Манай улс энэхүү конвенцод 2005 онд нэгдсэнээс хойш конвенцын хэрэгжилтийг хангахын тулд хүчин чармайлт гарган идэвхтэй ажиллаж буйг Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Тэрээр 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улс Нүүдэлчин дэлхийн фестивалийг зохион байгуулж соёлын яриа хэлэлцээр болон нүүдлийн соёлыг таниулан сурталчлахад оруулж буй хувь нэмрийг онцолсны зэрэгцээ Монгол Улсын санаачлагаар НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас баталсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг 2026 онд тэмдэглэх санаачлага болон тогтвортой хөгжил, энх тайвны төлөөх амьд өвийг хамгаалах тухай Сөүлийн алсын хараа баримт бичигтэй уялдуулан Улаанбаатарын тунхаглалыг дээрх фестивалын хүрээнд гаргасан талаар мэдээлэв.

 

Түүнчлэн Соёлын биет бус өвийн нээлттэй өдөрлөг, сургалт, семинар, телевизийн шууд хөтөлбөрүүдийг Монгол Улс зохион байгуулж өвлөн уламжлагчдыг танилцуулах, боловсролын тогтолцоонд өвийн боловсролын асуудлыг тусган оруулахын ач холбогдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж цаашид Соёлын биет бус өвийн бие даасан хуультай болохоор ажиллаж буйг, нүүдлийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэв. 

Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 19 дүгээр чуулганыг Парагвай улсад 2024 онд зохион байгуулах шийдвэрийг гаргаснаар чуулган амжилттай өндөрлөв.