images

МОНГОЛ УЛСЫН САНААЧИЛСАН “ЮНЕСКО-ГИЙН НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ТҮҮХ” ЦУВРАЛ БҮТЭЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-11-17

453

Монгол Улс нүүдлийн соёлыг дэлхий дахинд сурталчлах, хүн төрөлхтний түүхэнд нүүдэлчдийн оруулсан хувь нэмрийн талаарх мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор  ЮНЕСКО-гийн Нүүдлийн соёл иргэншлийн түүх (UNESCO Collection “History of Nomadic Civilizations”) хэмээх цувралыг боловсруулж, дэлхий дахинд толилуулах санаачилгыг дэвшүүлсэн юм.

ЮНЕСКО-гийн ивээл дор тус байгууллагын гишүүн орнуудын оролцоо, дэмжлэгтэйгээр олон улсын эрдэмтэн судлаачдын хамт хэрэгжүүлэх энэхүү санаачилгын хүрээнд нийт зургаан цуврал эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд эхний ботийг “Монголын тал нутгийн нүүдэлчид: Нүүдлийн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг” хэмээн гаргахаар төлөвлөж буй юм.

Энэхүү тогтоолын төслийг Парис хотноо хуралдаж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд хэлэлцүүлгийн үеэр Норвеги, Кени, Унгар, БНХАУ, Энэтхэг, ОХУ, Тайланд, Уганда, Азербайжан зэрэг улс Монгол Улсын санаачилгыг сайшаан дэмжиж үг хэлсний сацуу энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох, шинжлэх ухааны эрдэмтдийн багт мэргэжилтнүүдээ оролцуулах сонирхлоо илэрхийлэв. Харин Афганистан, БНСУ, Казакстан, Франц, ОХУ зэрэг улс тогтоолын төслийг дэмжиж хамтран зохиогчоор оролцов.