images

Монгол, Францын боловсролын хамтын ажиллагаа өргөжлөө

ЭСЯ-ны мэдээ

2022-10-24

285

Бүгд Найрамдах Франц Улсад болж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монгол, Франц Улсын боловсролын байгууллагууд  хамтран ажиллах гэрээ байгууллаа. Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх “Байгаль-Эх” лицей сургууль, Францын “Мишле” лицей сургуультай хамтран ажиллахаар болов. Хамтын ажиллагааны гэрээнд МУИС-ийн захирал Б.Очирхуяг, “Мишле” лицей сургуулийн захирал Эрик Бизе нар гарын үсэг зурлаа. Гэрээ байгуулагдсанаар 10 жилийн хугацаанд  жил бүр хоёр монгол сурагч “Мишле” лицей сургуульд суралцана.

Франц Улсын “Мишле” лицей сургууль нь байгаль нийгмийн ухааны чиглэлээр төрөлжсөн хөтөлбөртэй, 160 жилийн түүхтэй бөгөөд 1930 онд Монгол Улсын дөрвөн оюутан тус сургуульд сурч, гуравдагч оронд боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүд болон бэлтгэгдэж байжээ.Үүнээс хойш 92 жилийн дараа дахин хамтран ажиллахаар болсон нь түүхэн ач холбогдолтой гэдгийг “Мишле” сургуулийн захирал Эрик Бизе онцолж байв.

 Түүнчлэн өнөөдөр Монгол Улсын Их Сургууль, Франц Улсын Сорбон III их сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Сорбон III их сургууль нь дэлхийд эхний 50-д эрэмбэлэгддэг юм. Хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутан солилцох, хоёр талын хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэхээр болов.