images

СОЁЛЫН ИЛЭРХИЙЛЛИЙН ОЛОН ТӨРЛИЙГ ХАМГААЛАХ БОЛОН ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН 9 ДҮГЭЭР БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2023-06-09

247

ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын Оролцогч талуудын 9 дүгээр бага хурал 2023 оны 6 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд ЮНЕСКО-ийн Төв байранд болов.

 

Энэхүү хуралд Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү, зөвлөх С.Уянга, Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2005 оны конвенцын үндэсний зохицуулагч Н.Мөнхзул, Соёлын яамны Стратеги, хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Л.Ариунтунгалаг нар оролцов.

 

Энэхүү бага хурлаар конвенцод нэгдсэн 151 орны төлөөлөгчид конвенцын хэрэгжилтийн өнөөгийн байдал болон цар тахлын дараах соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд, соёлын илэрхийллийн олон төрлийг дижитал орчинд хөгжүүлэх, соёлын бараа, үйлчилгээний хөнгөлөлттэй нөхцөлийг бий болгох, уран бүтээлч, соёлын мэргэжилтнүүдийн өнөөгийн байдлыг сайжруулах, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах, онцгой нөхцөл байдлын үед соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, конвенцын зорилго, зорилтуудыг сурталчлах, 2025 онд конвенцын 20 жилийг ойг тэмдэглэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэв.

Монгол Улсын төлөөлөгчид Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын хэрэгжилтийн хүрээнд үндэсний түвшинд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нэн ялангуяа Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барьсан талаар мэдээлж дижитал орчинд соёлын олон төрлийг хамгаалах бусад орнуудын туршлагаас суралцах, конвенцын 16 дугаар заалт буюу хөнгөлөлтийн журмыг хэрэгжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Тус хурлаар Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих Засгийн газар хоорондын хорооны 12 гишүүнийг шинээр сонгож батлав. Манай улс энэхүү конвенцын Засгийн газар хоорондын хорооны гишүүнээр анх удаа 2019 онд сонгогдон 2023 он хүртэл ажилласан юм.