images

ЮНЕСКО-ийн “Торгоны зам” хөтөлбөрийн 35 жилийн ойг хамтран тэмдэглэв

ЭСЯ-ны мэдээ

2023-04-08

287

ЮНЕСКО-ийн “Торгоны зам” хөтөлбөрийн 35 жилийн ойн арга хэмжээг 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр ЮНЕСКО-ийн төв байранд тэмдэглэн өнгөрүүллээ.

Торгоны зам дагуух улс орнуудын түүх, соёлын баялаг өвийг судлах зорилгоор 1988 онд бий болгосон энэхүү хөтөлбөр нь эдүгээ 35 жилийн туршид  соёлын харилцан солилцооны гайхамшигт түүхийг гүнгийрүүлэн судлах, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд төдийгүй Тогтвортой хөгжлийн 2030 зорилтыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн гишүүн орнуудын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид дуу нэгтэйгээр нотлов.

Ойг тэмдэглэх хүрээнд “Торгоны замууд, олон талт байдал, хэлэлцээ, ба энх тайван” сэдэвт олон улсын форум, “Торгоны замын залуу судлаачдын тэтгэлэг” шинжлэх ухааны симпозиум, “Торгоны зам залуусын нүдээр” фото зургийн уралдааны бүтээлүүдийн үзэсгэлэн, концерт зохион байгуулагдаж, Торгоны замуудын шинжлэх ухааны солилцоо, мэдлэгийн талаарх баримтат киног гаргав.     

Энэхүү арга хэмжээг ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбар, “Торгоны зам” хөтөлбөр болон Торгоны зам дагуух улс орнууд болох Азербайжан, Казакстан, Монгол, Оман, Хятад Улсын Байнгын төлөөлөгчийн газрууд хамтран зохион байгуулж, дэлхийд нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид түүний дотор Их Британийн Кэмбрижийн их сургуулийн профессор Питер Франкопан, Торгоны зам хөтөлбөрийг үүсгэн байгуулагч, Торгоны зам хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн хорооны дарга асан ноён Дүдү Диен, мөн хорооны гишүүн асан, Францын Дорно дахины хэл, иргэншлийн үндэсний дээд сургууль-ИНАЛКО-ийн Ерөнхийлөгч асан Жак Легран зэрэг төлөөлөгчид уригдан оролцов.

Монгол Улсаас Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлтийн хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Д.Баттогтох хүндэт зочноор оролцож нээлтийн арга хэмжээнд үг хэлж манай улсын Торгоны замын хөтөлбөр дэх оролцоо, ач холбогдлыг тэмдэглээд өнгөрсөн жил ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцсан Нүүдэлчдийн түүхийг судлах, дэлхий нийтэд таниулах урт хугацааны цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх тухай манай улсын санаачлагын талаар онцолж ЮНЕСКО болон гишүүн орнуудыг хамтран ажиллахыг хүсэв. 

Мөн Монгол Улсын Их Сургуулийн Археологийн судалгааны төвийн захирал Ц.Төрбат зочин илтгэгчээр оролцож манай улс дахь торгоны замын судалгааны түүхийн талаар танилцуулав. Мөн ЮНЕСКО-ийн Торгоны замын залуу судлаачдын тэтгэлгийг хүртсэн залуу судлаач, Анагаахын их сургуулийн оюутан У.Номин-Эрдэнэ Торгоны зам дагуух нүүдлийн соёл иргэншилтэй орнуудын цагаан идээ болон шар тосыг соёлын өв болгон хэрэглэж буйг онцлон шар тосны анагаахын шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмрийн талаарх харьцуулсан судалгааны ажлаа танилцууллаа.

Дашрамд дурдахад манай улс ЮНЕСКО-ийн Торгоны зам хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ач холбогдол өгч 1992 онд Торгоны замын судалгааны олон улсын экспедицийн багийг хүлээн авч байсан бол 1998 онд ЮНЕСКО-ийн 2-р зэрэглэлийн хүрээлэн болох Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнг Улаанбаатар хотноо байгуулж, улмаар 2018 онд Торгоны зам дагуух орнуудын интерактив атлас бий болгох судалгааны олон улсын хурлыг Торгоны зам дагуух орнуудын хоол хүнс, гастрономи сэдвээр Хархорин хотноо зохион байгуулсан билээ.