МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮД ФРАНЦЫН ЛОНГЖУМУ /LONGJUMEAU/ ХОТОД БОЛЖ БАЙНА
Парис хотын ойролцоох Лонгжуму хотод “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээг Лонгжуму хотын захиргаанаас 2023 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү өдрүүдээр Монголын 10 гаруй уран бүтээлчдийн цуглуулгаас танилцуулах орчин үеийн урлагийн үзэсгэлэн, “Нүүдэлчин хүүхдүүд”, “Цэнхэр ханцуйт” кино, “Өнөөгийн болон өчигдрийн Монгол: Нүүдлийн болон суурин амьдралын хэв маяг”, “Аялал жуулчлалын шинэ чиглэл”, Торгоны зам -ын түүхэн дэх Монголын үүрэг”, “Монголын Эзэнт гүрэнд зорчсон дундад зууны аялагчид-Лонгжумугийн аялагч Андрегийн тухай” сэдэвт танилцуулга хэлэлцүүлгүүд, “Монгол улсаас Лонгжуму хүртэл: Торгоны зам биднээр дайрч өнгөрсөн нь” сэдэвт семинар, монгол ардын үлгэр, монголын Шагай наадгай, хувцас загварууд, уламжлалт болон орчин үеийн эд зүйлс, уран бичлэг зэрэг арвин хөтөлбөрийг толилуулж байна.
Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү энэхүү Монголын өдрүүдийн нээлтэд 3 дугаар сарын 31-ний өдөр оролцож Монгол орны түүх, соёл уламжлалын тухай баялаг хөтөлбөр бүхий цогц арга хэмжээг зохион байгуулж буй тус хотын засаг дарга Сандрин Жэло /Sandrine Jelot/ болон зохион байгуулагч нарт, нэн ялангуяа энэхүү арга хэмжээг санаачлагч Алтан хаан галерейн захирал Дидиер Буассер болон дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буй дизайнер Т.Нямцэрэн, Сорбон их сургуулийн багш Томас Танас, угсаатан судлаач, Бореалиа /Borealia éditions/ хэвлэлийн редактор Эмили Мэж, Торго нэхмэл эдлэл, үйлдвэрлэлийн мэргэжилтэн Изабел Мулан, “Холын хөрш-Монгол Улс” соёл, боловсролын төслийн санаачлагч, эрх зүйн ухааны доктор, багш-орчуулагч Г.Хишиг-Эрдэнэ нарт талархал илэрхийлээд, Монгол, Францын түүхэн харилцаанд Андре дө Лонгжуму элчийн үүрэг, хоёр орны орчин цагийн харилцаа болон Монгол Улсын Засгийн газар -аас зарласан Монголд зочлох жил 2023-2025 зорилтыг онцолж үг хэлэв.
Элчин сайд У.Нямхүү мөн 4 дүгээр сарын 2-ны өдөр болсон “Аялал жуулчлалын шинэ чиглэл - Монгол” хэлэлцүүлэгт Монгол Улсаас Дэлхийн өвд бүртгэгдсэн өвүүд, тэдгээрийн хадгалалт хамгаалалт болон аялал жуулчлал дахь ач холбогдлын талаар танилцуулга хийв.
Лонгжуму хотоос зохион байгуулж буй энэхүү соёлын өдрүүд нь Монголын түүх, соёлын талаар төдийгүй тус хотын уугуул Андре дө Лонгжуму /André de Longjumeau; Andrew of Longjumeau/алдарт аялагчийн талаар хотын оршин суугчид, хүүхэд багачуудад олон талын танин мэдэхүйн мэдээлэл өгөхийн сацуу Монголд аялан жуулчлах хүсэлтэй иргэдэд мэдээлэл хүргэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
Дашрамд дурдахад Лонгжуму хотоос гаралтай аялагч, дипломатч Андре нь өрнө дорныг холбоход нэн ялангуяа 13-р зууны үеийн Монголын эзэнт гүрний удирдагчдыг IX Иннокэнт пап ламтай холбох (1245–1247) харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хоёр дахь удаагаа Монголын эзэнт гүрнийг зорихдоо (1249–1251) IX Луи хааны Гүеэг хаанд илгээсэн захидлыг хүргэж байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.