images

БНФУ-ЫН “PETIT FUTE” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СЭТГҮҮЛД МОНГОЛ УЛСЫГ ОНЦЛОВ

Actualités

2023-03-14

353

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Гадаад харилцааны яамны санаачилгаар Бүгд Найрамдах Франц Улсын “Petit Fute” сэтгүүлийн нүүрэнд Монгол Улсыг онцолж, манай улсын аялал жуулчлалын салбарыг сурталчилсан дэлгэрэнгүй нийтлэлийг хэвлүүлэв.

“Petit Fute” сэтгүүл нь 1976 оноос хойш 48 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Европын улс орнууд өндрөөр үнэлдэг, нэр хүндтэй олон нийтэд танигдсан хэвлэл бөгөөд 2003 оноос хойш Монгол Улсын талаар аяллын хөтөч ном эрхлэн гаргаж, Франц, Бельги, Люксембург, Швейцар, Канад зэрэг франц хэлтэй орнуудын уншигчдын хүртээл болгож ирсэн.

Түүнчлэн тус хэвлэлийн компанийн www.petitfute.com цахим хуудас 2022 онд францын топ 10 аялал жуулчлалын порталын нэгээр шалгарсан байна. Petit fute сэтгүүл нь 110.000 хувь хэвлэгдэж,  Top Resa, SITI,  Salon Mondial du Tourisme MAP, Mahana, Tourissima  Salons des Seniors зэрэг Европын томоохон аялал жуулчлалын үзэсгэлэн, ЭКСПО, номын сангууд, Carefour, Cora, Espace culturel сүлжээ супермаркет,  номын дэлгүүр, нисэх онгоц, галт тэрэгний буудал зэрэг өргөн сүлжээгээр тараагддаг, цахим хувилбараар Google play, Ibooks, Amazon сувгуудаар худалдаалагддаг байна.

Дээрх сэтгүүл нь Европын орнуудаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг франц хэлтэй орнуудад сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой бөгөөд ГХЯ-ны зүгээс Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-уудаар дамжуулан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд өргөн хүрээний сурталчилгааг хийж байна.