images

Францын Мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд Монгол Улс  онцлох орноор оролцов 

ЭСЯ-ны мэдээ

2026-10-09

26

Францын Мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд Монгол Улс 

онцлох орноор оролцов.

    Франц Улсын Клермон-Ферран хотноо 10 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд 35 дахь удаагаа зохион байгуулагдсан Мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн “Sommet de l’Élevage”-д  бэлчээрийн мал аж ахуйн уламжлалыг төлөөлөн Монгол Улс Испани, Колумб, Кот-д'Ивуар болон Судан Улсын хамтаар онцлох орноор оролцов.

  

    Тус үзэсгэлэн нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр жил болгон зохион байгуулагддаг дэлхийн томоохон мэргэжлийн үзэсгэлэнгийн нэг юм. Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласантай холбогдуулан энэ жилийн үзэсгэлэнгээр бэлчээрийн мал ах ахуйд ихээхэн ач холбогдол өгч Франц Улсад үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй онцлох гол арга хэмжээний нэг болж байна.

 

    Энэ жилийн арга хэмжээнд нийт 35 улсаас 1,800 орчим оролцогч, дэлхийн 100 гаруй улсаас 120,000 орчим зочин хүрэлцэн ирсэн байна. 

   

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  дарга  Л.Чой-Иш оролцож “Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй: ирээдүйн сорилтуудын талаарх хэлэлцүүлэг” сэдэвтэй бага хуралд илтгэл тавив. Түүнчлэн Монголын хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд оролцож мал аж ахуй, үржүүлэг, малын эрүүл мэнд, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр Франц болон олон улсын хэмжээнд нэвтрүүлж буй дэвшилтэт технологи, инновац, шилдэг туршлагатай танилцав. 

   

Тус Элчин сайдын яамны Элчин зөвлөх М.Батсайхан “Sommet de l’Élevage” үзэсгэлэнгийн Ерөнхийлөгч Жак Шазале, Захирал Бенуа Делалуа нартай уулзаж Монгол, Францын мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хувийн хэвшил хоорондын харилцааг бэхжүүлэх боломжийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ж.Шазале Монгол Улс мал аж ахуйн арвин туршлагатай, бэлчээрийн мал аж ахуйн эртний уламжлалаа хадгалан үлдсэн орон болохыг онцлон тэмдэглэж, хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлэв.