images

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ISO-ИЙН ЕРӨНХИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

ЭСЯ-ны мэдээ

2026-10-01

9

     Олон улсын стандартчиллын байгууллагын (ISO) Ерөнхий чуулга уулзалт 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Парис хотноо болж байна. Чуулга уулзалтад Элчин сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал болон тус газрын төлөөлөгчид оролцож байна.
      “Өөрчлөгдөж буй дэлхийд итгэлцлийг бий болгох нь” сэдэвт энэ жилийн чуулгаар тогтвортой хөгжил, цахим шилжилт, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, худалдаа, байгаль орчны чиглэлд олон улсын стандартын гүйцэтгэх үүргийг хэлэлцэв. Мөн ISO-ийн Хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн хорооны (DEVCO) 60 жилийн ойг тохиолдуулан хөгжиж буй орнуудын стандартчиллын чадавхыг бэхжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов.
   Чуулганы үеэр ISO болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран боловсруулсан ISO/UNDP 53001 стандартыг танилцуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг байгууллагын үйл ажиллагаанд тусгаж, хэмжигдэхүйц үр дүнд хүргэх талаар хэлэлцэв.
 
     Чуулганы үеэр болох ISO-ийн Зөвлөлийн 2027–2029 оны сонгуульд Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал Монгол Улсаас нэр дэвшиж байна.
 
 
 
    Стандарт, хэмжил зүйн газрын төлөөлөгчид олон улсын байгууллага болон бусад улсын стандартчиллын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн чиглэлээр туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.