images

ФРАНЦ УЛСТАЙ СУРГУУЛИЙН ҮДИЙН ХООЛ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

ЭСЯ-ны мэдээ

2026-09-11

10

     Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр

Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яамны Дэлхий нийтийн асуудал хариуцсан газрын дэд захирал Жан-Себастьен Контитой уулзаж, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлаар санал солилцов. 

Уулзалтаар “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” бий болгох зорилтын хүрээнд сурагчдын хоолны шим тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, стандартчилсан цэс нэвтрүүлэх, эрүүл зөв хооллолтын боловсролыг сургалтын хөтөлбөрт тусгахад Францын сайн туршлагыг нэвтрүүлэх талаар ярилцав. Түүнчлэн Монгол Улсын “Сургуулийн хоолны эвсэл”-ийн хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилтийг эрчимжүүлж, 2030 он гэхэд дэвшүүлсэн зорилтоо бүрэн хангахад хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.  

Францын тал Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоолны хөтөлбөрийн хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, талууд цаашид хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, цар хүрээг тодорхойлон, харилцан тохиролцсон ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болов.