ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ ФРАНЦЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ҮДЭЛТИЙН УУЛЗАЛТУУД ХИЙВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү Бүгд Найрамдах Франц Улсын төрийн байгууллагуудын төлөөлөлтэй үдэлтийн уулзалтууд хийв.
Энэ хүрээнд Элчин сайд У.Нямхүү 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн Америк, Ази, Далайн орнуудын асуудал хариуцсан дипломат зөвлөх хатагтай Жюли Лө Саостой уулзаж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, сүүлийн жилүүдэд хэрэгжсэн хамтарсан ажлуудын үр дүн болон цаашид анхаарал хандуулах тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов.
Мөн 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Францын Үндэсний Ассамблейн даргын Гадаад харилцааны зөвлөх хатагтай Ариэнэ Тришонтой уулзаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж, хоёр талын харилцаа эрчимжсэн талаар ярилцав. Уулзалтын үеэр Элчин сайд У.Нямхүү 2026 оны 10 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын талаар мэдээлэл өгч, Францын Үндэсний Ассамблейн дарга болон эмэгтэй гишүүдийг оролцохыг урьлаа.
Түүнчлэн 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Францын Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга сенатор Филипп Мүеэ тэргүүтэй бүлгийн гишүүдтэй өглөөний цай-уулзалт хийв. Уулзалтын үеэр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны ололт амжилт, Монгол, Францын харилцааны хөгжилд найрамдлын бүлгийн оруулсан хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд нь Элчин сайд талархал илэрхийлэв.
Дээрх уулзалтуудын үеэр талууд Монгол, Францын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл зэрэг олон салбарт эрчимтэй хөгжиж, агуулга нь улам баяжин өргөжиж буйг онцлон тэмдэглэж, стратегийн ач холбогдол бүхий хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
Элчин сайд У.Нямхүү Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд байнгын дэмжлэг үзүүлж хамтран ажилласан талуудад хувиасаа болон хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж сайн сайхныг хүслээ.