ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ “SOMMET DE L’ÉLEVAGE–2026” ҮЗЭСГЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ХУРАЛД ОРОЛЦОВ
2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Францын Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын яаманд зохион байгуулсан Sommet de l'Elevage 2026” олон улсын мал аж ахуйн үзэсгэлэнгийн хөтөлбөрийг танилцуулах мэдээллийн хуралд Элчин сайд У.Нямхүү оролцов.
Хурлын үеэр 2026 оны 10 дугаар сард Францын Курнон-д’Овернь хотноо болох тус үзэсгэлэнгийн үндсэн чиглэл, олон улсын оролцоо, салбарын хамтын ажиллагааны боломжийг зохион байгуулагчид танилцууллаа. Зохион байгуулагчдын мэдээлснээр тус үзэсгэлэнд 1,800 орчим байгууллага, аж ахуйн нэгж оролцож, 100 гаруй орны 6,000 олон улсын зочин, нийт 125 мянга орчим хүн хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа ажээ. Мөн 70 үүлдрийн 2,000 орчим бод, бог мал, адууг танилцуулж, Лимузин үүлдрийн үндэсний уралдаанд 400 орчим мал сүргээ оролцуулахаар төлөвлөсөн байна.
Энэхүү хуралд Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарласан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (International Year of Rangelands and Pastoralists)-ийн зорилго, ач холбогдол, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулга хийв.
Тэрбээр бэлчээрийн мал аж ахуй нь хүнсний аюулгүй байдлыг хангах, биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын тогтвортой менежментийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөдөөгийн иргэдийн амьжиргааг баталгаажуулахад чухал үүрэгтэйг онцлов. Мөн Монгол Улс олон улсын жилийн Удирдах хороог даргалж, мэдлэг, судалгаа, бодлого, хөрөнгө оруулалт болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж буйг мэдээллээ.
2026 оны үзэсгэлэнгийн онцлох чиглэлийн нэг нь бэлчээрийн мал аж ахуй байх бөгөөд энэ хүрээнд 300 ам метр талбай бүхий олон улсын тусгай хэсэг ажиллуулж, 20 орчим хурал, хэлэлцүүлэг, хээрийн танилцах аялал, бэлчээрийн бүс нутгийг виртуал орчноор танилцуулах хөтөлбөр, малчдын түр сууцны загвар болон Клермон-Ферран хотын төвд олон нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Уг хөтөлбөрт Монгол, Испани, Колумб, Кот-д’Ивуар, Судан зэрэг улсын төлөөлөл оролцох юм.