ЮНЕСКОГИЙН ТӨВ БАЙРАНД НАУРЫЗ ӨВИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Наурызын баяр” өвийг сурталчлах соёлын арга хэмжээг хамтран бүртгүүлсэн улс орнуудын ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчдийн газраас 2026 оны 4 дүгаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү өвийг Казахстан, Киргиз, Монгол, Афганистан, Азербайжан, Иран, Ирак, Пакистан, Тажикстан, Турк, Туркменистан, Узбекистан, Энэтхэг зэрэг улс хамтран бүртгүүлсэн юм. Манай улс 2024 оны 12 дугаар сард болсон Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганы хуралдаанаар энэхүү өвд нэгдсэн юм.

Бусад хамтран бүртгүүлсэн улсуудын хамт энэхүү өвийг сурталчлах үйл ажиллагаанд манай улс оролцохдоо казах зон олноо төлөөлөн үндэсний зоог, идээ ундаагаа сурталчлан орон орны төлөөлөлд мэндчилгээ дэвшүүлэв.
Уг арга хэмжээнд ЮНЕСКО-гийн удирдлагууд, гишүүн орнуудын төлөөлөл болон зохион байгуулагч 12 улсын урьсан нийт 700 гаруй зочид оролцсон бөгөөд соёлын солилцоо, харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Наурыз буюу Хаврын баярыг 3000 гаруй жилийн туршид өргөн дэлгэр тэмдэглэж буй бөгөөд энх тайван, эв нэгдлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлдэг учраас ЮНЕСКО-гийн үнэт зүйлстэй нийцдэг байна.