Монгол Улсын төлөөлөгчид ChangeNOW 2026 арга хэмжээнд оролцов
Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдаж буй ChangeNOW 2026 олон улсын арга хэмжээнд Монгол Улсын төлөөлөгчид 2026 оны 3 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд оролцов.
Тус арга хэмжээ нь 40,000 гаруй оролцогч, 10,000 гаруй бизнес, 1,200 хөрөнгө оруулагч, бодлого боловсруулагч, инновацын манлайлагчдыг нэг дор цуглуулсан, тогтвортой хөгжил, уур амьсгал, байгаль орчны чиглэлээрх томоохон чуулга уулзалт юм .
Монгол Улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын төлөөлөгчид НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (UNCCD COP17 ) Монгол Улс 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээлэл өгч, олон улсын оролцогч талуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэгт оролцож мэдээлэл танилцуулга хийв.
Түүнчлэн Монгол Улсаас дэвшүүлж буй “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр” болон түүнтэй уялдсан бэлчээр, ус-газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдлүүдийн санаачлагуудыг танилцуулж, эдгээрийг олон улсын түншлэл, санхүүжилтээр дэмжин хэрэгжүүлэх боломжийг судалж байна.
ChangeNOW 2026 арга хэмжээ нь улс орнууд, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудыг нэгтгэн, дэлхийн хэмжээний байгаль орчин, уур амьсгалын сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал талбар юм.