images

ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2026-02-16

17

Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү ЮНЕСКО -гийн Ерөнхий захирал prof.Khaled Ahmed El-Enany -тай 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр уулзав.

Уулзалтын эхэнд Байнгын төлөөлөгч У.Нямхүү профессор Халед Ахмед Эль-Энанид ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлаар томилогдсонд нь дахин баяр хүргээд Монгол Улс, ЮНЕСКО хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Ерөнхий захирал Халед Ахмед Эль-Энани Монгол Улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад 17, Дэлхийн өвийн жагсаалтад 6, Шим мандлын нөөц газрын сүлжээнд 12 өвийг тус тус бүртгүүлснийг онцлоод Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаагаа сонгогдсонд онцлон баяр хүргэлээ.

▫️Байнгын төлөөлөгч У.Нямхүү Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал, Бэлчээр ба бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг тэмдэглэхэд өндөр ач холбогдол өгч ажиллаж буйг танилцуулан энэ хүрээнд ЮНЕСКО-гийн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.

Түүнчлэн манай санаачилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганаар баталсан “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” ЮНЕСКО-гийн цуврал боть бүтээх, “Соёлын болон геологийн өвөөр дамжуулан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлэв.

Талууд боловсрол, соёл, мэдээлэл харилцаа холбоо, шинжлэх ухааны чиглэлийн хамтын ажиллагааны бодит санал, санаачилгууд, хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг хуваалцсан үр дүнтэй уулзалт болов.