images

ФРАНЦАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХОЛБОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2022-09-10

281

Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү 2022 оны 9 дүгээр сарын 10-нд тус улсад үйл ажиллагаа явуулж буй, монгол иргэдийн үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагуудын тэргүүн нар болон бизнес, олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад монгол иргэдийн санаачилсан 13 холбоо, нийгэмлэгийн 30 орчим төлөөлөгчид, мөн Элчин сайдын яамны бие бүрэлдэхүүн оролцов. Манай улсын иргэдийн үүсгэл санаачлагын төрийн бус байгууллагууд нь монгол түүх, урлаг, соёлоо Францад сурталчлах, хүүхэд багачуудад эх хэлний сургалт зохион байгуулах, спортын арга хэмжээ зохиох, хүмүүнлэгийн аян өрнүүлэх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна.

Элчин сайд У.Нямхүү Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа болон Монгол Улсын Засгийн газрын “ Дэлхийн монголчууд II,” “Монгол үндэстний үнэлэмж” хөтөлбөрүүд, Гадаад харилцааны яам болон Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй иргэдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Мөн оролцогчид байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж,  Франц Улсад амьдарч буй монгол иргэдэд тулгарч буй зарим бэрхшээл, хэл, соёлоо хадгалах, сурталчлах боломжууд, Монгол Улс болон суугаа орны хууль эрх зүйн дагуу иргэдийн эрх ашгийг хамгаалах, Элчин сайдын яам, холбоод, иргэдийн харилцах эргэх холбоог улам сайжруулах, хамтран ажиллах боломжуудын талаар харилцан санал солилцов.