images

« Нүүдлийн мал аж ахуй - уур амьсгалын өөрчлөлт ба хүнсний аюулгүй байдал » сэдэвт хэлэлцүүлэгт оролцов

ЭСЯ-ны мэдээ

2026-02-24

4

Парис хотноо жил бүр зохион байгуулагддаг Олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн (Salon international de l'agriculture 2026) хүрээнд энэ сарын 24-ний өдөр Францын Хөдөө аж ахуйн зах зээлийн зохицуулалт, дэмжлэгийн агентлагаас “Нүүдлийн мал аж ахуй - уур амьсгалын өөрчлөлт ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Тус хэлэлцүүлэгт Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү уригдан оролцож үг хэллээ.

Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (Year of Rangelands and Pastoralists IYRP) болгон зарласан тогтоол баталсныг онцолж, нүүдлийн мал аж ахуй нь дэлхийн 200 гаруй сая хүний амьжиргааг дэмжиж, хүнсний аюулгүй байдал болон экосистемийн тэнцвэрт байдалд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв. Тэрбээр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхийг зорьж буйг дурдаад энэ оны 8 дугаар сард Монгол Улсад болох #СОР17 бага хурал, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” -ийн хүрээнд санаачлах арга хэмжээнүүдийн талаар товч танилцууллаа.

Хэлэлцүүлэгт Франц Улсын Хөдөө аж ахуйн сайд Анни Женевар биечлэн оролцож нээж үг хэлэхдээ нүүдлийн мал аж ахуй нь Францын газар нутгийн 8 хувийг хамарч, 35 мянга гаруй аж ахуй, 60 мянган малчин, 15 мянга гаруй ажлын байрыг бүрдүүлж буйг онцлон тэмдэглэв. Мөн нүүдлийн мал аж ахуйн ач холбогдлыг олон улсын түвшинд таниулахад Монгол Улсын гаргасан санаачилгыг онцгойлон дурдаж, Монгол Улсыг энэ чиглэлд идэвхтэй байр суурь эзэлж буйг сайшаав. Түүнчлэн Франц тэргүүтэй улс орнууд 2024 онд "Transhumance" - отор нүүдлийн соёлыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь олон улсад хүлээн зөвшөөрөх, хадгалах, бэхжүүлэхэд чухал алхам болсныг Хөдөө аж ахуйн сайд тэмдэглэлээ.

Хэлэлцүүлэгт Францын Хөгжлийн агентлаг, Бэлчээрийн аж ахуй эрхлэгч малчдын холбоо, шинжлэх ухаан, судалгааны байгууллагууд мөн үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийв.