images

ЮНЕСКО-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ХАТАГТАЙ ТАМАРА РАСТОВАК СИАМАШВИЛИГ ЭСЯ-НД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2022-09-09

231

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү Бүгд Найрамдах Серби Улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн дарга хатагтай Tamara Rastovac Siamashvili Тамара Растовак Сиамашвилиг 2022 оны IX сарын 09-ний өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд хатагтай Тамара Сиамашвили Монгол, Серби Улс нь найрсаг харилцаатай орнууд бөгөөд саяхан хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт Белград хотноо амжилттай болж, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй төлөөлөгчид айлчлан хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны чухал баримт бичигт гарын үсэг зурсан талаар мэдээлэв. Түүнчлэн, ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн даргын хувьд удахгүй болох ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн 215 дугаар чуулганы хэлэлцэх асуудлаар санал солилцож, Серби Улс ирэх онд болох ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх Зөвлөлийн 2023-2027 оны гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйг мэдэгдэв.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн ЮНЕСКО-ийн мандатын хүрээнд хамтран ажиллахдаа таатай буйгаа илэрхийлж, удахгүй Нью-Йорк хотноо болох “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улс өндөр ач холбогдол өгч оролцохын зэрэгцээ 9-р сарын 17-ны өдөр тусгай арга хэмжээг зохион байгуулж буй тухай, мөн Мексик хотноо болох Соёлын бодлого, тогтвортой хөгжлийн асуудлаарх Дэлхийн бага хуралд Монгол Улсын Соёлын сайд, Ташкент хотноо болох Сургуулийн өмнөх боловсролын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд тус тус оролцох зэргээр ЮНЕСКО-ийн үйл ажиллагаанд манай улс идэвхтэй байр суурь баримтлан ажиллаж байгааг онцлов.

Түүнчлэн Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй айлчлал, арга хэмжээний талаар танилцуулав.