images

ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ГАРДУУЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2022-09-01

211

Монгол Улсаас Испанийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү итгэмжлэх жуух бичгийн хувийг Испанийн Гадаад хэрэг, Европын холбоо, хамтын ажиллагааны яамны Ёслолын газрын захирал хатагтай Мария Себастиянд 9 дүгээр сарын 01-ний өдөр гардуулав.

 Энэ үеэр Элчин сайд У.Нямхүү Монгол Улс Испанийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон Монгол, Испанийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн Элчин сайд У.Нямхүү Испанийн ГХЕХХАЯ-ны Хойд Америк, Зүүн Европ, Ази, Номхон далайн газрын захирал Хавиер Сальдо, Эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны газрын захирал Ана Эсмералда нартай тус тус уулзаж, талууд өнгөрсөн 7 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлууд, хоёр орны улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбар, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ойрын хугацаанд хамтран ажиллах санал, туршлага солилцох асуудлаар харилцан санал солилцов.

Мөн ГХЕХААЯ-ны харъяа Дипломатын академийн дэд захирал Хорге Солар Элчин сайд У.Нямхүүг хүлээн авч уулзан испанийн дипломатуудыг бэлтгэж буй туршлага, Монголын дипломатын академи, олон улсын харилцааны сургууль хооронд хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.