images

Парис хотноо Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Элчин сайд нарын анхдугаар яриа хэлэлцүүлэг болов

ЭСЯ-ны мэдээ

2026-02-12

12

Парис хотноо 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас (World Organisation for Animal Health WOAH) Элчин сайд нарын анхдугаар яриа хэлэлцүүлгийг зохион байгуулж Элчин сайд У.Нямхүү оролцлоо.

Уг арга хэмжээг тус байгууллагын Ерөнхий захирал доктор Dr Emmanuelle Soubeyran нээж, Парис хотод суугаа Элчин сайд нар, олон улсын байгууллагын болон дипломат төлөөлөгчид оролцов.

Хэлэлцүүлгийн хүрээнд ДМАЭМБ-ын Ерөнхий захирал Э.Союбэран мал, амьтны эрүүл мэнд, хамгааллын асуудлыг дэлхийн бодлогын түвшинд системтэйгээр тусгах, эрүүл мэндийн аюулгүй байдал, олон улсын худалдаа, хүнсний тогтолцооны тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах стратегийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

ДМАЭМБ нь 1924 онд байгуулагдсан, 183 гишүүн улсыг нэгтгэсэн засгийн газар хоорондын байгууллага бөгөөд олон улсын мал, амьтны эрүүл мэндийн стандартыг боловсруулах, өвчний талаарх ил тод мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, гишүүн орнуудын мал эмнэлгийн албадын чадавхыг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тус байгууллагын стандартууд нь Дэлхийн худалдааны байгууллагын Ариун цэвэр, ургамлын хорио цээрийн хэлэлцээрийн хүрээнд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Хэлэлцүүлгийн үеэр Элчин сайд У.Нямхүү манай улсын мал аж ахуйн бодлого, бэлчээр, нүүдлийн аж ахуйн талаарх олон улсын тавцан дахь санаачлага, арга хэмжээний талаар мэдээллээ.