images

Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээтэй санал солилцов

ЭСЯ-ны мэдээ

2026-02-06

23

Элчин сайд У.Нямхүү 2 дугаар сарын 5-ны өдөр БНФУ-ын Европ, гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал ноён Бенуа Гидээ тэргүүтэй тус газрын хамт олонтой уулзалт хийв

Уулзалтын үеэр Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, 2025 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон нь харилцааг бодит агуулга, шинэ эрч хүчээр баяжуулсан онцгой жил болсныг онцлов. Энэ хугацаанд улс төр, эдийн засаг, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт бодит үр дүн гарсныг талууд тэмдэглэн, шинэ жаранд харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.

Мөн хоёр орны хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн явц, Улаанбаатар хотноо 2026 оны 7 дугаар сард зохион байгуулагдах Дэлхийн адууны өдөр (World horse day), 8 дугаар сард зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (COP17) зэрэг олон улсын арга хэмжээ, түүнчлэн цаг үеийн зарим асуудлаар санал солилцов.