images

АЯЛЛЫН ХӨТӨЧ "PETIT FUTÉ MONGOLIE" ШИНЭЧЛЭГДЭН ХЭВЛЭГДЭНЭ

ЭСЯ-ны мэдээ

2022-07-29

209

Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү Францын аялал жуулчлалын томоохон хөтөч ном болох Petit Futé хэвлэлийн газрын олон улсын бизнес хөгжүүлэлтийн менежер Оксана Маринжийг 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзаж, аялал жуулчлалын сурталчилгаа, хамтын ажиллагааны боломжуудын талаар харилцан санал солилцов.

Элчин сайд Монгол Улсын Засгийн газраас ковидын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээхэд барьж буй бодлого, дэмжлэгийн талаар танилцуулж, 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласныг мэдээлээд цахим виз, шинэ нисэх онгоцны буудал, Чингис хаан музей, тогтвортой болон соёлын аялал жуулчлалын арга хэмжээнүүд, франц хэл дээр сүүлийн 2 жилд хэвлэгдсэн Монголын тухай ном бүтээл зэргийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Франц болон франц хэлтэн орнуудад хамгийн сайн борлуулалттай, олон улсын том аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд тараагддаг, түүнчлэн Францад топ 10 сайтад багтдаг Petit Futé хөтөч номын Монгол орныг танилцуулсан хэвлэлт гарсны 20 жилийн ой энэ жил тохиож буйг хатагтай Оксана тэмдэглээд 2 жил тутам шинэчилж ирсний дагуу 2023-2024 оны дугаарыг гаргахаар зохиогч, маркетингийн хүмүүс 7-9 сард Монгол Улсад ажиллаж буйг мэдээлэв. Манай улсыг зорин очих франц болон франц хэлтэн орны жуулчдын гарын авлага болсон энэхүү номын шинэ хэвлэлтийг бэлтгэх ажилд ЭСЯ дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиров.

Дашрамд дурдахад 2019-2020 онд Монголын тухай ном 25000 ширхэг борлуулагдан амжилттай дууссан байна.