МОНГОЛ СУДЛААЧИДТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Элчин сайд У.Нямхүү 2 дугаар сарын 4-ний өдөр Франц дахь монгол судлаачдыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр тэрбээр Монгол судлалыг хөгжүүлэх, монгол хэл, соёл, уламжлалыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үйлсэд Монголч эрдэмтэд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлын талаар нь дэлгэрэнгүй санал солилцов.
Уулзалтын эхэнд Элчин сайд У.Нямхүү Монгол Улс нүүдлийн соёлыг дэлхий дахинд сурталчлах, хүн төрөлхтний түүхэнд нүүдэлчдийн оруулсан хувь нэмрийн талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ЮНЕСКО-гийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (UNESCO Collection “History of Nomadic Civilizations”) хэмээх цувралыг боловсруулж, дэлхий дахинд толилуулах санаачилгыг 2023 онд дэвшүүлснийг дурдаж, уг цувралын ажлыг энэ оноос албан ёсоор эхлүүлэхэд бэлэн болж буйг мэдээлэв. Энэхүү олон улсын төсөлд Монгол судлаач, эрдэмтдийн оролцоо, хувь нэмэр ихээхэн ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, хамтран ажиллахыг уриалав.
“Монгол, Сибирь, Төв Ази болон Түвд судлал” сэтгүүлийн эрхлэгч, судлаач хатагтай Изабель Шарлө болон “Монгол, Сибирь судлалын нийгэмлэг”-ийн нарийн бичгийн дарга, судлаач хатагтай Изалин Соние нар уулзалтын үеэр “Centre de recherches sur l’Asie orientale” судалгааны төвийг шинээр байгуулж, Франц Улсад тархан суугаа нийт 30 орчим Монгол судлаачдыг нэгтгэн, судалгаа, эрдмийн ажлыг нь дэмжих чиглэлээр ажиллаж буйгаа мэдээлээд, удахгүй болох нээлтийн арга хэмжээнд урихаа илэрхийлэв.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоол батлагдсантай холбогдуулан адууны соёл, уламжлалыг эрт дээр үеэс эдүгээ хүртэл хадгалж ирсэн нүүдэлчин, морьтон орны хувьд дэлхий нийтийн анхаарлыг татах, уг өдрийн ач холбогдлыг сурталчлан таниулах, олон нийтийн мэдлэг, мэдээлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн адууны өдөр арга хэмжээг 2026 оны 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар шийдвэрлээд буйг эрдэмтэн судлаачдад түгээх, хамтран ажиллахыг Элчин сайд хүссэний сацуу “Франц дахь Монголын соёлын өв, соёлын дурсгалууд” каталог номыг Монголын Үндэсний Чингис хаан музейтэй хамтран гаргах төслийг урагшлуулах явцын талаар тус тус ярилцав.
Өдгөө Франц Улсын Үндэсний архив, Үндэсний төв номын сан, Луврын музей, Севрийн музей, Алберт Каны музей зэрэг 30 гаруй байгууллагад тархан байршсан манай улстай холбогдох үнэт эдлэл, эртний газрын зураг, түүх, дурсгалын олдвор зэрэг материалыг нэгтгэн танилцуулах зорилготойгоороо энэхүү каталоги чухал ач холбогдолтой төсөл юм.

Мөн өдөр Элчин сайд У.Нямхүү Франц Улсын Шашны шинжлэх ухааны профессор ноён Григори Делапласыг хүлээн авч уулзах үеэрээ Франц дахь Монгол судлалын алсын хөгжлийн төлөв, шинэ үеийн судлаачдыг олон улсад хамтран бэлтгэх төслийн талаар санал солилцов. Тухайлбал, Монгол, Франц Улсаас гадна Япон, Эстони Улстай хамтран олон улсын хөтөлбөрийн хүрээнд ажиллах боломжийн талаар ярилцлаа.