Испанийн Хааны ордноос зохион байгуулсан шинэ жилийн хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов
Монгол Улсаас Испанийн Хаант Улсад хавсран суугаа Элчин сайд У.Нямхүү 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Испанийн Хааны ордноос зохион байгуулсан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх ёслолд уригдан оролцов.
Арга хэмжээнд Испанийн Хаант Улсын Цог жавхлант Хаан зургаадугаар Фелипе, Цог жавхлант Хатан Летисия, Испанийн Ерөнхий сайд Педро Санчез болон бусад төр, засгийн өндөр түвшний албан тушаалтнууд, дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.
Элчин сайд У.Нямхүү Испанийн Хаан зургаадугаар Фелипед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж хоёр орны харилцааны дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэх боломжийг судлахаар талууд дипломат шугамаар холбоотой ажиллаж буйг тэмдэглэв.
Мөн Элчин сайд Испанийн Европын Холбоо, Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд ноён Хосе Мануэль Албарес Буэно, Европын Холбоо, Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яамны Америк, Зүүн Европ, Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Ерөнхий газрын захирал Луис Фонсека, Мадрид хотноо төвтэй НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын (UN Tourism) Ерөнхий нарийн бичгийн дарга Шейха Аль Навайстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тус тус санал, мэдээлэл товч солилцов.
Энэхүү ёслол нь Испанийн Хааны ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүндэтгэлийн арга хэмжээ юм.