images

ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ ФРАНЦ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ЖУЛИ ЛӨ САОС-ТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2026-01-20

46

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү 1 дүгээр сарын 20-ны өдөр Францын Ерөнхийлөгч Э.Макроны Америк, Ази, Номхон далайн орнуудын бодлогын зөвлөх хатагтай Жули Лө Саос-той уулзав.

Талууд 2025 он нь Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон онцгой жил байсныг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Энэ хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бодит агуулга, шинэ эрч хүчээр баяжиж, улс төр, эдийн засаг, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт бодит үр дүн гарсныг онцолж, шинэ жаранд харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллахаар санал нэгдэв.

Элчин сайд У.Нямхүү Францын хөнгөлөлттэй зээлийн шугамаар онцгой байдал, нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй тэр дундаа “Агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх”, “Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх” төслүүд нь манай улсын иргэний аюулгүй байдлын салбарын чадавхыг бэхжүүлэх, хөгжлийг ахиулахад онцгой хувь нэмэр оруулж буйг цохон тэмдэглэв.

Мөн Монгол Улсаас хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг хууль тогтоомжийн дагуу эх оронд нь буцаан авахад холбогдох байгууллагууд үр дүнтэй хамтран ажилласныг талархан тэмдэглээд эдгээр үнэт олдворууд нь шинээр баригдаж буй Байгалийн түүхийн музейн сан хөмрөгийг баяжуулж, эрдэм шинжилгээ, судалгаа болон олон нийтэд соён гэгээрүүлэх үйлсэд чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Түүнчлэн хоёр орны хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн явц, Улаанбаатар хотноо 2025 оны 8 дугаар сард зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (COP17), боловсролын салбарын хамтын ажиллагаа зэрэг цаг үеийн бусад асуудлаар санал солилцлоо.