Европ дахь монголчуудын ахмадын сагсан бөмбөгийн 12 дахь удаагийн тэмцээн Франц Улсад боллоо
"Дэлхийн монголчууд-2" хөтөлбөр, Монголын бүх ард түмний 15 дугаар их наадмын хүрээнд Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ, Гэрэгэ холбоо хамтран Францын Роун хотноо 5 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд Австри, Испани, Их Британи, Герман, Франц, Швейцарь, Польш, Чех, Швед зэрэг 8 орноос 6 насны ангилалд 38 баг оролцов.
Цар тахлын үед хойшлогдоод байсан энэхүү тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Гадаад харилцааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын сагсан бөмбөгийн холбоо , Европ дахь салбар зөвлөл, Роун хотын захиргаа, аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгууллаа.
Тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын хүн амын эрүүл мэнд, дархлааг дэмжих, биеийн тамир, спортыг дэмжих зорилтыг мэдээлж, спортоор дамжуулан улс орноо сурталчлах, анд нөхдийн холбоо хэлхээг бий болгох, залуу үедээ зөв үлгэр дууриал үзүүлэх ач холбогдлыг онцолж, нийт баг тамирчдад өндөр амжилт хүсэв. Тэмцээн хоёр өдөр зргэлжилж дүнгээ гаргав.
ЭРЭГТЭЙ БАГ:
38-44 насны ангилалд алтан медалийг францын “Гэрэгэ” баг, мөнгөн медалийг германы “Монбер” баг, хүрэл медалийг австрийн “Берлин цог” баг;
45-49 насны ангилалд алтан медалийг германы “Монбер” баг, мөнгөн медалийг францын “Гэрэгэ” баг, хүрэл медалийг чехийн “Хөх Монгол” баг;
50-54 насны ангилалд алтан медалийг чехийн “Хөх Монгол” баг, мөнгөн медалийг “Берлин Цог” баг, хүрэл медалийг швейцарийн “GM Star” баг;
55-аас дээш насны алтан медалийг францын “Гэрэгэ” баг, мөнгөн медалийг германы “Берлин Цог” баг, хүрэл медалийг польшийн “Андууд шонхор” баг;
ЭМЭГТЭЙ БАГ
35-44 насны ангилалд алтан медалийг германы “Берлин цог” баг, мөнгөн медалийг английн “Монбрит” баг, хүрэл медалийг австрийн “Кристал” баг;
45-аас дээш насны ангилалд алтан медалийг францын “Гэрэгэ” баг, мөнгөн медалийг английн “Монбрит” баг, хүрэл медалийг германы “Берлин цог” баг тус тус хүртлээ.
Европ дахь Монголчуудын ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 онд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулж байсан бөгөөд цар тахлын улмаас 2020, 2021 онуудад өнжиж энэ онд Францын Роун хотноо ийнхүү өндөрлөлөө.