images

МОНГОЛ СУДЛАЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-11-14

12

Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Европ дахь монгол судлалын ууган төвийн нэг Парисын Дорно дахины хэл, иргэншлийн дээд сургууль inalco -д “Монгол судлал - өнгөрсөн одоо ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.

Энэ хурлаар өрнөд дахь тэр дундаа Францын монгол судлалын хөгжлийн явц, нэрт эрдэмтдийн оруулсан хувь нэмэр, судалгааны бүтээлүүд, нүүдэлчдийн ахуй соёл, түүх археологи, угсаатны зүй, газар зүй, хэл шинжлэл, монголчуудын нийгмийн харилцаа зэрэг асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн монгол судлалын хамрах хүрээг хэл, утга зохиол, соёл, түүхийн судлалаар хязгаарлахгүй монголын нийгэм, улс төр, эдийн засаг, эрх зүйн тогтолцоо, монголчуудын уламжлалт мэдлэг ухаан зэрэг олон салбараар өргөжүүлэн хөгжүүлэхэд орчин үеийн арга зүй, салбар дундын хамтын ажиллагаа, сорилтын талаар судлаач эрдэмтэд саналаа хуваалцав.

Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар Гадаад харилцааны яам, Монгол судлалын Үндэсний зөвлөл, Олон улсын монгол судлалын холбоо зэрэг байгууллага хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл сонслоо.

Эрдэм шинжилгээний хуралд Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Заяабаатар, доктор профессор С.Дулам /цахимаар/, ИНАЛКО сургуулийн емирит профессор Жак Легранд, Нантерийн их сургуулийн доктор Мари Фавру /цахимаар/ болон МУИС-ийн монгол хэл, түүх археологи, франц судлалын эрдэмтэн багш нар, Францын Үндэсний Шинжлэх Ухааны Судалгааны Төв (Centre national de la recherche scientifique CNRS) Сорбоны их сургууль болон Төв Ази, Монгол, Сибирийн Судлалын Нийгэмлэг, Нийгэм хүмүүнлэгийн чиглэлийн ахисан түвшний судлаачид оролцлоо.

Хуралд Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера нар монгол судлалын баялаг түүх, өв сантай, дэлхийн монгол судлалын цаашдын хөгжилд Францын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо нэн чухал юм гэдгийг онцлоод эрдэмтэн судлаачдын ажилд амжилт хүсэв.