“Roadmaps to New Nuclear” олон улсын бага хуралд оролцов
Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын Цөмийн Энергийн Агентлаг NEA болон БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хамтран “Roadmaps to New Nuclear” олон улсын гурав дахь удаагийн бага хурлыг 2025 оны 9 дүгээр сарын 18–19-ний өдрүүдэд Парис хотноо зохион байгууллаа.
Тус бага хурлаар оролцогчид цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагаа, тогтвортой эрчим хүчний нийлүүлэлт, уур амьсгалын зорилтыг хэрэгжүүлэхэд цөмийн эрчим хүчний гүйцэтгэх үүргийг хэлэлцэв.
Хурлын явцад аж үйлдвэрийн төлөөлөл болон оролцогч талуудын зүгээс одоо ашиглагдаж буй цахилгаан станцуудын ашиглалтын хугацааг уртасгах, шинэ төслүүдийг (том хүчин чадалтай реактор, жижиг модуль реактор, дэвшилтэт технологи) дэмжих, түлшний цикл болон ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Мөн цөмийн эрчим хүчийг олон улсын уур амьсгалын механизмд хүлээн зөвшөөрөх, санхүүжилтийн боломжийг өргөжүүлэх, зохицуулалтын уялдаа холбоог сайжруулах нь өртгийг бууруулах, төслийн хэрэгжилтийг түргэсгэх ач холбогдолтойг тэмдэглэж байв.
Бага хурлын хүрээнд 2025 оны 9 дүгээр сарын 19-нд болсон “Plenary Session 1: NuclearEnergy for EmergingEconomies” сэдэвт хуралдаанд Элчин сайд У.Нямхүү оролцож, үг хэлэв. Уг хуралдаанаар хөгжиж буй орнуудын төлөөлөгчид эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжилд цөмийн эрчим хүчний оруулах хувь нэмрийн талаар улс орныхоо туршлага, үйл ажиллагааны талаар санал солилцов.
Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын хувьд цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх нь тогтвортой хөгжлийн зорилт болон бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолж, харилцан ашигтай хамтын ажиллагаа, туршлага, технологийн солилцоог өргөжүүлэхийн төлөө манай улс ажиллаж буйг илэрхийлэв.