УРАН БИЧЛЭГИЙН ҮЗЭСГЭЛЭН ФРАНЦЫН РОЯАН ХОТНОО ДЭЛГЭГДЛЭЭ
Атлантын далайн эрэг дагуух амралт зугаалгын хот болох Рояанд эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотноо байрладаг “Эрдэнэсийн хүрээ” монгол калиграф, урлагийн төвийн төвийн үүсгэн байгуулагч, уран бүтээлч, калиграфийн мастер багш С.Тамирын монгол уран бичлэгийн үзэсгэлэн 2025 оны 6 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл толилуулагдаж байна.
Энэхүү уран бүтээлийн үзэсгэлэнд уран бүтээлч С.Тамираас гадна уран бүтээлч Г.Жааханхүү, Э.Мягмардорж нарын хосгүй уран бүтээлүүд мөн дэлгэгджээ. Үзэсгэлэнг дэглэгч Фредрик Лэмайгр хэлэхдээ Монгол Улс хуучин монгол бичгээ сэргээн 2025 оноос эхлэн албан ёсны хэрэглээнд орж буйг онцлон дурдлаа.
Тус үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Рояан хотын засаг дарга ноён Патрик Маренго, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх С.Уянга, Рояан хотын Орчин үеийн урлагийн төвийн ерөнхийлөгч, уран бичлэгийн үзэсгэлэнгийн куратор ноён Фредрик Лэмайгр, уран бүтээлч С.Тамир нар оролцсоноос гадна 60 гаруй зочид хүрэлцэн ирж сонирхлоо.
Дашрамд дурдахад Атлантын сувдан эрэг гэж нэрлэгдэх тус хот 18,000 хүн амтай бөгөөд дэлхийн II дайнд бүрэн сүйрч устгагдсан хэдий ч шинэлэг байдлаар дахин төлөвлөгдөн сэргээгджээ.
Хоёр сарын туршид дэлгэгдэх үзэсгэлэнг 15,000 орчим хүн ирж үзнэ хэмээн зохион байгуулагчдаас онцлов.