images

СОЁЛЫН ИЛЭРХИЙЛЛИЙН ОЛОН ТӨРЛИЙГ ХАМГААЛАХ БОЛОН ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН 10 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-06-19

31

 

ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын Оролцогч талуудын 10 дугаар бага хурал 2025 оны 6 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд ЮНЕСКО-ийн Төв байранд болов.

Энэхүү хуралд Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү, зөвлөх С.Уянга, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Л.Ариунтунгалаг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Бүх нийтийн соёл, урлаг, уран бүтээлийн хэрэгжилтийн газрын мэргэжилтэн М.Түмэнжаргал нар оролцов.

Энэ онд тус Конвенцын 20 жилийн ой тохиож байна. Энэ удаагийн бага хурлаар конвенцод нэгдсэн 157 орны төлөөлөгчид конвенцын хэрэгжилтийн өнөөгийн байдал болон Соёлын илэрхийллийг дэмжих олон улсын сангийн үйл ажиллагаа, соёлын илэрхийллийн олон төрлийг дижитал орчинд хөгжүүлэх, соёлын бараа, үйлчилгээний хөнгөлөлттэй нөхцөлийг бий болгох, уран бүтээлч, соёлын мэргэжилтнүүдийн өнөөгийн байдлыг сайжруулах, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах, онцгой нөхцөл байдлын үед соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, конвенцын зорилго, зорилтуудыг сурталчлах зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг авч хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Монгол Улсын төлөөлөгчид Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын хэрэгжилтийн хүрээнд үндэсний түвшинд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нэн ялангуяа 2024 онд шинээр батлагдсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль болон Засгийн газраас соёлын тогтвортой хөгжлийг хангахад татварын хөнгөлөлтийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг гишүүн улс орнуудад танилцууллаа.

Мөн Соёлын илэрхийллийг дэмжих олон улсын дэмжлгэээр хэрэгжүүлсэн гурван төслийн үр нөлөө, туршлагаас хуваалцаж, конвенцын хэрэгжилтийг хангахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэлээ.