images

Элчин сайд У.Нямхүү Орлеон хотноо ажиллав

ЭСЯ-ны мэдээ

2025-06-05

63

Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой, Орлеан хотын зүгээс манай улстай хамтын ажиллагаа хэрэгжүүлж эхэлсний 35 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Орлеан хотноо ажиллалаа.

Тус хотноо ажиллах үеэрээ Элчин сайд У.Нямхүү Францын Геологи, уул уурхайн судалгаа, шинжилгээний үндэсний товчоонд зочлон Ерөнхий захирал хатагтай Катерин Ланьётай уулзаж, хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааны түүх, хэрэгжүүлсэн төслүүд болон цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов. Талууд тус товчоотой анх 1997 онд хэрэгжүүлсэн SPOT сансрын зураглалын төсөл болон 2023 онд “Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай” санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Үндэсний геологийн албатай хэрэгжүүлсэн“Ли-Монголиа” төслийн үр өгөөжийг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Уг уулзалтад Үндэсний геологийн албаны газрын дарга Н.Мөнхбилэг цахимаар оролцсон болно.

Мөн Элчин сайд Орлеаны Их Сургуулийн Эмнэлгийн удирдлагууд болон эмч нартай уулзаж, Монгол Улсын Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй 25 жилийн туршид хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагаа, ялангуяа Францад монгол эмч нарыг дадлагажуулах, шинэ арга зүй, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн талаар ярилцав. Энэхүү хамтын ажиллагаа нь эмч нарын санаачилга, дэмжлэгтэйгээр хэрэгжиж ирсэн бөгөөд Монголын эрүүл мэндийн салбарт бодитой хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж, цаашид энэ хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх асуудлаар санал солилцлоо. Уулзалтад тус эмнэлгийн дарга Оливье Буайе, Жан-Франсуа Виала, Бертран Мюкенстурм, Лоран Брэ, Сабин Рейно эмч нар оролцсон юм.

Ойн арга хэмжээний хүрээнд Элчин сайд Орлеан хотын Засаг дарга бөгөөд Орлеан Метрополийн Ерөнхийлөгч Серж Груардтай уулзаж, эрүүл мэнд, соёл, боловсролын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, орон нутаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ах дүү хотуудын харилцааг бий болгох асуудлыг судлах зэрэг асуудлаар санал бодлоо солилцов. Тэмдэглэлт ойн хүрээнд Орлеан хотын захиргааны байранд зохион байгуулагдсан хүлээн авалтын үеэр талууд хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилготой “Орлеан хот болон Монгол Улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны эрмэлзлийн тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

Эдгээр уулзалт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд “Вал де Луар – Орлеан – Монгол” холбооны ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Бенуа Гайе чухал хувь нэмэр оруулсан бөгөөд тэрээр геологийн салбарын хамтын ажиллагааны суурийг тавих, 35 жилийн турш хоёр орны ард иргэдийн харилцааг гүнзгийрүүлэх, соёл урлагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тууштай зүтгэл гаргаж ирсэн нэгэн билээ.

Франц, Монголын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой Step by Steppe компанийн захирал Д.Батчимэг мөн дагалдан ажиллаж уулзалтуудын үеэр Монгол Улстай хөгжүүлэх нөөц боломжуудын талаар саналаа хуваалцав.