images

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСПАНИЙН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ЕВРОПЫН ХОЛБОО, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САЙД Х.АЛБАРЭС НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

ЭСЯ-ны мэдээ

2025-04-29

34

Гадаад харилцааны яам

Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэстай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Албан ёсны хэлэлцээний үеэр талууд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Испанийн харилцааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх, хөгжлийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Тухайлбал, хоёр улсын харилцааг эрчимтэй өргөжүүлэхэд дипломат төлөөлөгчийн газар чухал үүрэгтэйг талууд онцолж, Монгол Улсаас Испанийн Хаант Улсад суух Элчин сайдын яамыг Мадрид хотноо ойрын хугацаанд нээхээр боллоо.

Монголын талаас Гадаад харилцааны сайдын түвшинд 11 жилийн дараа хэрэгжүүлж буй энэхүү айлчлалыг Испанийн тал сайшаан талархаж, хоёр орны харилцааг эрчимжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал онцгой үүрэгтэй гэдэгтэй талууд санал нэгдсэн бөгөөд Испани Улсын Төрийн тэргүүн болон Гадаад хэргийн сайдын айлчлалыг хэрэгжүүлж, улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцлоо.

Хэлэлцээний дүнд талууд хоёр улсын харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёл боловсрол зэрэг олон салбарт өргөжүүлж ажиллахаар тохиролцлоо.

Мөн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, тухайлбал, “Агаарын харилцааны хэлэлцээр”, “жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх”, “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээр”-ийг эцэслэж, ойрын хугацаанд байгуулах чиглэлээр ажиллахаа талууд нотоллоо.

 Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын гадаад бодлого, тэргүүлэх зорилтоо танилцуулж, манай улсаас олон улсын түвшинд дэвшүүлсэн санаачилга тухайлбал, ирэх 8 дугаар сард Улаанбаатарт зохион байгуулах “Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт” болон 2026 онд мөн Улаанбаатарт болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үр дүн, бэлтгэл хангах хүрээнд Испани Улстай нягт хамтран ажиллахаар боллоо. 

Мөн Испанийн Хаанд Улсын Дипломат сургуультай хамтран ажиллах санамж бичигт хоёр улсын Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурж, олон улсын харилцаа, испани, хэл судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, сургахаар боллоо.

Талууд мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд өрнүүлж хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, олон улсын харилцааны зарим асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.