images

Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны төлөөлөгчид Парис хотноо ажиллав

ЭСЯ-ны мэдээ

2025-03-24

62

Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 3 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Парис хотноо ажиллаж “Cour des Comptes” буюу БНФУ-ын Аудитын шүүх байгууллагын бүтэц, зохион байгуулалт болон үйл ажиллагаатай нь танилцав.

Аудитын шүүх байгууллага нь БНФУ-ын Үндсэн хуулийн 47-2 зүйл болон Хүний эрх болон иргэний эрхийн Тунхаглалын 15 дугаар зүйлд “Ард түмэн нийтийн ямарваа нэг эрх бүхий албан тушаалтнаас болон байгууллагаас ажлын тайланг шаардах эрхтэй” хэмээн заасны дагуу Франц Улсын татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжиж буй байгууллагууд төсвөө хэр зөв, зохистой зарцуулж буйд хяналт тавих, Төрийн явуулж буй бодлогын тухай үнэлгээг иргэдэд тайлагнан мэдээлдэг бие даасан буюу Засгийн газар болон Парламентаас тусдаа хараат бус байгууллага юм.

Энэхүү туршлага судлах айлчлалыг 2024 оны 11 дүгээр сард Элчин сайд У.Нямхүү танилцах уулзалт хийж, улмаар 2025 оны 1 дүгээр сард талуудын цахим уулзалт зохион байгуулсны үр дүнд харилцан тохирсны дагуу хэрэгжүүллээ.

Туршлага судлах хөтөлбөрийн хүрээнд Cour des Comptes байгууллага орон нутаг, засаг захиргаа, хүрээлэн буй орчин болон хөдөө аж ахуй, эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын салбарын бодлогын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих, Парламенттай буюу Сенат болон Үндэсний Ассамблейтай үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулан  хамтарч ажилладаг болон иргэд, олон нийтэд хэрхэн үнэлгээ, дүгнэлт, тайлангаа танилцуулдаг талаар дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл авав.

Монголын талын төлөөлөгчид үргэлжлүүлэн 3 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Испанийн Хаант Улсын Мадрид хотноо Tribunal de Cuentas Испанийн Аудитын Шүүхтэй холбогдох уулзалт хийж ажиллав.

Монгол Улс Франц, Испани Улстай хоёр орны ижил төстэй чиг үүргийн байгууллагуудын холбоо хэлхээг тогтоох, харилцан сайн туршлага судлах хүрээнд талуудын хамтын ажиллагааг дэмжихэд ойр нягт хамтран ажиллаж байна.