ЮНЕСКО-ИЙН ТӨВ БАЙРАНД НАУРЫЗ ӨВИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо ЮНЕСКО-ийн төв байранд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Наурызын баяр” өвийг сурталчлах соёлын арга хэмжээг уг өвийг хамтран бүртгүүлсэн 13 улсын ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчдийн газраас 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү өвийг Афганистан, Азербайжан, Иран, Ирак, Казахстан, Киргиз, Монгол, Пакистан, Тажикстан, Турк, Туркменистан, Узбекистан, Энэтхэг зэрэг улс хамтран бүртгүүлсэн ба манай улс өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганы хуралдаанаар энэхүү өвд нэгдсэн юм.
Бусад хамтран бүртгүүлсэн улсуудын хамт энэхүү өвийг сурталчлах үйл ажиллагаанд манай улс анх удаа оролцохдоо үндэсний зоог, идээ ундаагаа сурталчлахын зэрэгцээ соёл урлагийн хөтөлбөрт МУСТА дуучин Б.Мягмарсүрэн, МУСТА уран бүтээлч, хөгжимчин Б.Базаррагчаа, бий бийлээч Я.Ариунаа нар оролцож хүрэлцэн ирсэн зочдод казах ардын дуу, бий биелгээгээр мэндчилгээ дэвшүүлэв.
Уг арга хэмжээнд ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей, удирдах албан тушаалтнууд болон ЮНЕСКО-ийн гишүүн орнуудын Элчин сайд, Байнгын төлөөлөгчид, улс орнууд, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 350 орчим төлөөлөгчид оролцов.
Наурыз буюу Хаврын баярыг 3000 гаруй жилийн туршид дэлхий дахинд өргөн дэлгэр тэмдэглэж буй бөгөөд энх тайван, эв нэгдлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлдэг учраас ЮНЕСКО-ийн үнэт зүйлстэй нийцдэг байна.