ФРАНЦЫН СЕНАТЫН ГИШҮҮД ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ЗОЧИЛЛОО
Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүүгийн урилгаар Францын парламентын дээд танхим болох Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга Филип Мүеэ тэргүүтэй Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зочлов.
Элчин сайд У.Нямхүү сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, 2025 онд Монгол-Францын хооронд диломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйг онцлоод хоёр талын Төрийн тэргүүн нарын харилцан айлчлалаар тохиролцсон ажлууд, томоохон төслүүд эхнээсээ бодит ажил хэрэг болон хэрэгжихэд Францын парламент, Сенатын гишүүд дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.
Түүнчлэн худалдаа, эдийн засаг, онцгой байдал, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, урлаг соёлын салбарт өрнөж буй хамтын ажиллагаа, төслүүд, Монгол Улсын дэвшүүлсэн санаачлага, зорилтуудын талаар харилцан ярилцлаа.
Сенатын гишүүдийн 2024 оны 9 дүгээр сард манай улсад хийсэн айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламент хоорондын харилцааг өргөжүүлж, түншлэлийг бэхжүүлэхэд түлхэц үзүүлсэн үйл явдал болсныг гишүүд тэмдэглэв. Мөн Монгол орны нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа, соёл уламжлалын талаар асууж сонирхохын зэрэгцээ Монгол, Францын харилцааг өргөжүүлэхэд парламентын найрамдлын бүлгийн зүгээс үзүүлэх дэмжлэг, ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлэв.
Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга Филип Мүеэ халуун дотноор хүлээн авч ажил хэрэгч яриа өрнүүлсэнд Элчин сайд У.Нямхүү болон ЭСЯ-ны хамт олонд талархлаа илэрхийлээд хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэхэд болон энэ онд тохиож буй дипломат харилцааны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээг найрамдлын бүлгийн гишүүд дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Францын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийг 1992 онд анх байгуулж, хоёр улсын харилцаа, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Найрамдлын бүлэг тогтмол 20-30 орчим гишүүнтэйгээр идэвхтэй ажилладаг юм.