images

ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, хөхиүлэн дэмжих талаар арга хэмжээ зохион байгуулав

ЭСЯ-ны мэдээ

2025-02-17

1924

ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих Засгийн газар хоорондын хорооны 18 дугаар ээлжит чуулган Парис хотноо 2025 оны 2 дугаар сарын 11-14-ний өдөр ЮНЕСКО-ийн төв байранд хуралдлаа. Энэхүү чуулганы хүрээнд Монгол Улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих нь - Соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих олон улсын сангаар хэрэгжиж буй төслүүдийн үр нөлөө” хэмээх тусгай арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж ЮНЕСКО-ийн Соёлын асуудал хариуцсан орлогч захирал Эрнесто Оттони болон Монгол Улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү нар үг хэлэв. Түүнчлэн Монгол Улсаас 2005 оны конвенцын хүрээнд хэрэгжиж буй санаачлага, ахиц, дэвшил мөн Соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих олон улсын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн төслүүдийн талаар ЮНЕСКО-ийн МҮК-ийн соёлын мэргэжилтэн Э.Номин танилцууллаа.

Энэхүү арга хэмжээнд ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих засгийн газар хоорондын хорооны чуулганд оролцож буй гишүүн орнуудын төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөалөгчид, Байнгын төлөалөгчийн газрын тэргүүн нар, төлөөлөл оролцов.

Монгол Улсыг олон улсад сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох чухал алхам боллоо.