images

СОЁЛЫН ИЛЭРХИЙЛЛИЙН ОЛОН ТӨРЛИЙГ ХАМГААЛАХ БОЛОН ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХООРОНДЫН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

ЭСЯ-ны мэдээ

2025-02-13

139

ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны 18 дугаар ээлжит чуулган 2025 оны 2 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Парис хотноо ЮНЕСКО-инй төв байранд хуралдаж байна.

Тус чуулганаар конвенцын Нарийн бичгийн газрын тайлан илтгэл, конвенц батлагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх замын зураглал, Гишүүн орнуудын конвенцын хэрэгжилтийн хугацаат тайланд өгсөн үнэлгээ, соёлын илэрхийллийн олон төрлийн дижитал орчинд авч үзэх зөвлөмж, конвенцын 16 дугаар зүйл буюу хөгжиж буй орнуудад зориулсан хөнгөлөлтэй нөхцөлүүдийн талаарх зөвлөмж, соёлын илэрхийллийн олон төрлийн олон улсын сангийн хэрэгжилт, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо зэрэг асуудлыг авч хэлэлцэж байна.

 

Манай улсын хувьд тус конвенцод 2007 онд нэгдэн орсноос хойш 4 удаа конвенцын хэрэгжилтийн хугацаат тайлангаа хүргүүлсэн бөгөөд 2020-2024 оны хугацаат тайланг хорооны зүгээс хэлэлцэн сайшаав. Төлөөлөгчид чуулганд оролцохдоо Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй санаачлага, арга хэмжээний талаар болон манай улсын конвенцын 2020-2024 оны хэрэгжилтийн тайланг бэлтгэсэн тухай туршлага, сургамжаа гишүүн орнуудтай хуваалцлаа. Түүнчлэн манай улс “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих нь - Соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих олон улсын сангаар хэрэгжиж буй төслүүдийн үр нөлөө” сэдэвт тусгай арга хэмжээг тус чуулганы хүрээнд 2 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах юм.

Монгол Улсаас UNESCO -ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү, зөвлөх С.Уянга, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Ч.Энхтуяа, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Номин нар төлөөлөгчөөр оролцож байна.