images

НАУРЫЗЫН БАЯР ӨВИЙГ ХАМТРАН БҮРТГҮҮЛСЭН УЛС ОРНУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

ЭСЯ-ны мэдээ

2025-01-19

55

Бүгд Найрамдах Парагвай Улсын нийслэл Асунсион хотноо 2024 оны 12 дугаар сарын 2-7-ны өрүүдэд хуралдсан ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр ээлжит чуулганаар Монгол Улс Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2008 оноос хойш 12 улсын хамтран бүртгүүлсэн Наурызын баяр өвд нэгдэж 13 дахь улсаар бүртгүүлсэн билээ.

Шинэ оны босгон дээр Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү Афганистан, Азербайжан, Иран, Ирак, Казахстан, Киргиз, Узбекистан, Пакистан, Тажикстан, Турк, Туркменистан, Энэтхэг улсаас ЮНЕСКО -ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчид, ЮНЕСКО-ийн Соёлын асуудал эрхэлсэн Ерөнхий захирлын орлогч Эрнесто Оттони, ЮНЕСКО -ийн Соёлын биет бус өвийг хадгалах хамгаалах тухай 2003 оны конвенцын Нарийн бичгийн дарга Фүмико Охината нарыг 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хүндэтгэлийн зоог барьж, “Наурызын баяр” өвд Монгол Улс нэгдэхэд дэмжин хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

 

Наурыз бүлгийн гишүүн орнууд Монгол Улс Наурызын баяр өвд шинээр нэгдэж уг өвд нэмэгдсэн орнуудын тоо нэмэгдэж газар нутаг, ард түмний хувьд өргөжин тэлж буйд баяр хүргэж, уг өв нь хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайван, сайн сайхны төлөө бидний дунд оршин буй хамтын амьд өв гэдгийг онцлон өргөн хүрээтэй ёслол төгөлдөр тэмдэглэдэг зан үйл болохыг харилцан ярилцав.

Соёлын асуудал эрхэлсэн Ерөнхий захирлын орлогчийн зүгээс Монгол Улс “Наурызын баяр” хамтарсан өвд нэгдсэнд дахин баяр хүргээд улс орнуудын хамтран бүртгүүлсэн номинаци өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэж хүрээгээ тэлж буйг, амьд өв хэмээх хэллэг улс орнуудын соёлын биет бус өвийн үндэсний хууль тогтоомжид тусгалаа олж буйд баяртай буйгаа илэрхийллээ.