АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ФРАНЦ УЛСАД АЖИЛЛАВ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Франц Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй билээ. Төслийн нэгдүгээр үе шат болох “Яармаг, Арцатаас-Өнөр хороолол” чиглэлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл энэ сарын 13-17-ны өдрүүдэд Франц Улсад ажиллалаа.
Элчин сайд У.Нямхүү тэргүүтэй төлөөлөгчид гүйцэтгэгч “Пома” группын төлөөлөлтэй 1 дүгээр сарын 13-ны өдөр уулзаж, төслийн явц, цаашид авах арга хэмжээ, нэгдүгээр үе шатад ашиглагдах дүүжин тээврийн тоног, төхөөрөмжийн үйлдвэрлэлийн явцын талаар тус тус санал солилцож төслийн хэрэгжилтэд төлөвлөгөөт хуанлийн дагуу үргэлжлүүлэн анхаарч ажиллахаар талууд тохиров.
Мөн “Пома” группын охин компаниуд болох дүүжин тээврийн бүхэг үйлдвэрлэгч Sigma Cabins дүүжин тээврийн тулгуур багана, механик эд анги үйлдвэрлэгч “SACMI” компаниудад тус тус зочилж, “Яармаг, Арцатаас-Өнөр хороолол” чиглэлийн дүүжин тээврийн бүтээн байгуулалтад ашиглагдах тоног, төхөөрөмжийг үйлдвэрлэж буй явцтай танилцав.
Үүнээс гадна төслийн нэгжийн төлөөлөгчид “Пома” группын Сан-Жервэ хотод хэрэгжүүлсэн “Le Valléen”, Ажаксио хотноо хэрэгжүүлж буй “Angelo” төслийн бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцаж ажиллав.