МОНГОЛ, ФРАНЦЫН ТӨРИЙН ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ЧИГ ҮҮРГИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРСАН ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Хяналт үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар Францын Аудитын шүүх байгууллагатай (Cour des comptes) хамтын ажиллагаа эхлүүлэх хүрээнд өнөөдөр хамтарсан цахим уулзалт зохион байгуулав.
Уулзалтад монголын талаас Хяналт, үнэлгээний үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр тэргүүтэй төлөөлөгчид, францын талаас Аудитын шүүх байгууллагын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн захирал Наташа Рамбон, дэд захирал Гийом Брюле тэргүүтэй төлөөлөгчид оролцож харилцан чиг үүрэг, үйл ажиллагаагаа танилцуулж төрийн бодлого, үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх чиг үүргийн Монгол, Францын байгууллагууд хооронд хамтын ажиллагаа тогтоох, харилцан туршлага судлах, эксперт төлөөлөгчдийг айлчлуулах асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Элчин сайд У.Нямхүү уулзалтыг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн хугацаанд Монгол, Францын хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин бэхжиж буйд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд энэ онд тохиож буй Монгол, Францын дипломат харилцааны 60 жилийн ойн хүрээнд байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь энэхүү харилцааны түвшинг цаашид өргөжүүлэхэд түлхэц хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Дашрамд дурдахад Cour des Comptes буюу Францын Аудитын шүүх байгууллага нь төрийн байгууллагууд төсвөө хэрхэн зөв, зохистой зарцуулж буйд хяналт тавих, төрийн бодлогод үнэлгээ хийх, үнэлгээг иргэдэд мэдээлдэг бие даасан буюу Засгийн газар, Парламентаас хараат бус байгууллага юм.